|

Сүлжээ бол ЛУЙВАР гэж мэдээлсээр байтал...

Сүлжээ бол ЛУЙВАР гэж мэдээлсээр байтал...

 

"Ажлынхаа хажуугаар их мөнгө олох сайхан боломж байна. Зүгээр сууж байхад дансанд чинь мөнгө орж ирнэ. Доороо хоёрхон хүн элсүүлээд хоёрхон сарын дотор 8000 ам.доллартой болмоор байна уу" хэмээн А бүсгүй найзуудыгаа Gtime гэх сүлжээний бизнест орохыг ятгана.

Дороо хүн элсүүлж, сүлжээ үүсгэдэг пирамид луйврууд бүгд бялуу шиг амттай дээрх үгээр эхэлдэг. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, зарим аж ахуйн нэгжүүд цалин мөнгөө тавьж чадахгүй байгаа өнөө үед хүмүүс сүлжээний луйврын өгөөш болсоор байна.

Сүлжээний бизнес дотроо хоёр янз байдаг. Нэгдүгээрт, бизнес нь бараа, бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэн дээрээ анхаардаг олон шатлалт маркетингийн арга. Мөн л хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчид хүргэх тактиктай. Тухайлбал Орифлейм, Хербалайф зэрэг сүлжээний бизнес. Хоёрдугаарт, гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар. Үүнд GTime, Алтан өндөг, Баяндалай, Easy 1up, 1-9-90, Ерхөг зэрэг сүлжээний бизнесүүд багтана.

Gtime нь Казахстаны ядуурлыг бууруулах төсөл явдаг бөгөөд манай улсад өнгөрсөн онд орж ирсэн. Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс манайхан хамгийн их хамрагддаг нь Үндсэн болон VIP.

VIP хөтөлбөрт ийм аргаар доороо хүн элсүүлнэ.

Алимаагийн хувьд Gtime сүлжээний VIP хөтөлбөрт  2.3 сая төгрөгөөр элсжээ. "Доороо хоёрхон хүн элсүүлбэл хоёр сарын дараа 8000 ам.доллар авна. Эхний хүнээ олоод элсүүлсэн байгаа. Одоо нэг хүнээ хайна гадуур явж, найз нөхөд танилууддаа сурталчилна. Тэд нарын амьдралд ч бас нэмэр больё” хэмээн тэрбээр ярилаа.

VIP хөтөлбөрт элссэн хүмүүст ийм сертификат олгодог байна.

Gtime-д элссэний дараа тус компаниас харилцагч нартаа гарын бэлэг болгон гоо сайхны бүтээгдэхүүн, цаг бэлэглэдэг байна. "Гоо сайхны бүтээгдэхүүн маань дуусаж байсан. Ашгүй манай компаниас бэлгэнд өглөө. Энэ бол зөвхөн эхлэл хэрэв илүү сайн ажиллавал удахгүй Вьетнам руу амралт явуулна гэсэн. Гэхдээ үүний тулд идэвхтэй хүнийг матрицдаа оруулбал амар юм байна лээ" хэмээн Алимаа ярив.

Gtime компаниас харилцагч нартаа өгдөг гарын бэлэг

Хэрэв 8000 ам.доллар авбал мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөж байгаа талаар түүнээс асуухад тэрбээр сүлжээнд орохын тулд авсан өр мөн нөхрийнхөө цалингийн зээлийг хаана гэж хэлсэн нь намайг гайхшруулав. Учир нь ЦЕГ-аас "Монгол Улс хуулиараа пирамид хэлбэрийн бизнес хийхийг хориглодог. Gtime төсөл бол луйвар” хэмээн анхааруулаад байхад зээл тавин байж тус сүлжээнд нэгджээ. Элсэхдээ өгсөн 2.3 саяас гадна 8000 ам.доллар авахын тулд хүн элсүүлэх шаардлагатай болно. Чадахгүй бол тэгээд л хохироод дуусч байгаа юм.

Сүлжээний бизнес нь 1997 оноос Монгол Улсад анх орж иржээ. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй сүлжээний компаниудын 90 гаруй хувь нь хууль бус сүлжээний бизнесээр толгой цохидог ОХУ-аас орж ирсэн компаниуд юм. ОХУ-д сүлжээний бизнес эрхэлдэг 2000 гаруй компани байдгийн дөнгөж 100 гаруй нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эрхтэй юм байна. Санхүүгийн пирамид буюу хууль бус сүлжээний бизнес нь хууран мэхлэх арга залийг өөгшүүлж, шударгаар хөдөлмөрлөж мөнгө олох сэтгэлгээг боогдуулах муу талтай мөн олон мянган хүнд эдийн засгийн хохирол учруулж цөөн хэдхэн хүн л ашиг олдог. Пирамид тогтолцооны луйврыг ихэвчлэн хяналт сул зах зээл дээр улс дамжин хийж гаршсан мэргэшсэн луйварчид нэвтрүүлдэг.

Сүлжээний бизнест элссэн хүмүүсийн 87-88 хувь нь хохирч үлддэг гэнэ. Иймээс хууль эрх зүйн орчин бүрдээгүй манай улсыг ашиглаж иргэдийг хохироон, их хэмжээний мөнгийг гадаад зах зээл рүү гаргаж, эдийн засагт хохирол учруулж буй шударга бус үйл ажиллагааг таслан зогсоох цаг болсон нь өнөөдөр харагдаж байна.

"Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж Дэлхийн олон улс орнуудад, тухайлбал, ОХУ, АНУ, Англи, Франц, Герман, Казахстанд хуулиар хориглосон байдаг.

Хүлээлгэх хариуцлага нь ч чанга. Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг 10 мянган ам.доллароор торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.

Харин манай улсын хувьд пирамид хэлбэрийн бизнесийг хориглодог хууль нь бий ч хэрэгжилт нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна.

Эх сурвалж: www.TODAY.mn