Бурханы шашин соёл дэлгэрсэн улс үндэстний дотор "Гурван эрдэнэ” буюу тухайн эрдмийн орныг заасан "Багш”, эрдэм ухааны орон болсон "Ном”, түүнийг бүтээгч нөхөр болсон "Хувраг буюу номын нөхөр”-өө дээдлэн хүндэтгэж ирсэн уламжлал байдаг. Буддын эрдэм мэдлэгийн эртнийуламжлалтай Монголчуудын хувьд ч гурван эрднээ хүндэтгэн дээдэлж, эд таваараас эрдэм оюуныг эрхэмлэж ирсэн дорнын ард түмний нэгэн их бүл билээ. Тиймээс "Багш дор мөргөмүй. Ном дор мөргөмүй. Бурсан хувраг дор мөргөмүй” хэмээн алив ном буяны титэм болгож эртнээс залбирч сүслэн хүндэтгэж ирсэн мөр нь эл их учрыг бидэнд сануулнам.
Мөн нөгөө талаас тухайн улс оронд юм уу, тухайн үндэстэн ястны дотор анх заларч, түгэн дэлгэрч, тухайн улс оронд номын буяны их мөрний анхны эх булаг болж ундарсан дээдийн номын анхдагч эх судар номыг машид эрхэмлэн үзэж, үе удам дамжуулан уламжилж авч ирсэн нэгэн хүндэтгэлт ёс бурханы шашинт улс түмний дунд уламжлагдан иржээ. Жишээ нь: Эртний бурханы шашин соёлт Шриланк, Суматра зэрэг улс орны бурхан шашинтнууд бурхан багшийн айлдсан "Номын бадаг”, "Тухайлан өгүүлэх үгийн бадаг” зэрэг судруудыг, Хятад, Япон, Слонгос зэрэг улсуудад ”Дээдийн ном Цаган лянхуан эрхэс”, "Бясалгалын хаан” зэрэг судруудад, Цаст Түвдийн оронд тэнгэрээс бууж ирсэн гэх "Банган чагжа” хэмээх судар зэргийг "бурханы айлдагч судар” хэмээн эрхэмлэж иржээ. Чингэвээс Монголчуудын дунд монгол газар заларсан дээдийн ном аль вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултын хариуг бид ухаант өвөг дээдсийнхээ үлдээсэн оюуны өв сангаас хайх хэрэгтэй болно. Зава Дамдин \ Лувсандаян\ гавж бээр "Умар зүгийн хор Монгол оронд дээдийн ном эрдэм гарсан ёсны тухай домог уламжлал, өлзийт лавай мишээсэн дууны эгшиг оршвой” хэмээх бүтээлдээ: "Эн тэргүүнд заларч ирсэн ном нь Алтангэрэл мөн тул эртнэээс айл бүр Алтангэрлийн ботийг тахидаг журмыг өнөд тасалдуулахгүй байвал эдүгээ ирээдүйд буянтай өлзийтэй хэмээн өвөг дээдэс өгүүлдэг” хэмээжээ.
Эх сурвалж: budda.mn