"МЭК” байгууллагаас явуулсан судалгааны хоёрдугаар байрт УИХ-ын гишүүн Д.Гантулга оржээ. Тэр эхний гурван байрт багтахаас ч өөр аргагүй. МАН-ын залуу улстөрч, НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн. Д.Гантулга энэ жил анх удаа УИХ-д сонгогдсон. Гэхдээ энэ суудлынхаа утга учрыг ч мэдэхгүй, дураараа дургиж, дуртай зүйлээ хийж байна. Дэлхийн нийтээрээ хүчирхийллийн эсрэг дуугарч, энэ байдлыг жигсэн зэвүүцэж байгаа. Ийм үйлдэл хийсэн хүнийг цаазлах ёстой гэсэн уриа лоозонг дэвшүүлж байна. Саяхан гэхэд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэдэг нь тогтоогдсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин амиа хорлосон асуудал гарлаа. Мөн эмэгтэй хүнд хүч хэрэглэх байтугай харц шидсэнийхээ төлөө, уулзсаныхаа төлөө уучлал гуйгаад хариуцлагатай албан тушаалаа өгдөг байдал олон улсын улс төрийн жишээнд бий. Харин манай улс төрд эсрэгээрээ байна. Ёсзүйгүй үйлдэл гаргаж, оймс бандаашаа хаа газар хаяж гээгдүүлснээ Төрийн сүлднийхээ өмнө сийх юмгүй мэдээллэж байна. УИХ-ын гишүүний бандаашны хэргийг Монголын хууль хяналтын байгууллага, шалгаж байгаа. Хохирогч болох эмэгтэй аргаа барсандаа энэ үйл явдлаар сэдэвлэсэн кино хийхээр Д.Гантулгын дүрд тоглох эрэгтэй жүжигчин хайж байгаа гэж мэдэгдсэн. Энэ байдлаараа Д.Гантулга монголын улс төрийн түүхийн нэгэн хэсгийг харлуулж, баллуурдаж орхисон. Харин тэр үүнийгээ ч мэдэхгүй төрийн суудалд шигдсээр байна. Улстөрчийн ёс зүй хаана байна.
Судалгааны гуравдугаарт УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бичигджээ. Яагаад олон таалдаггүй улстөрчдийн жагсаалтын эхний гурван байрт багтчихав, учиргүй шударга яриад байдаг биш бил үү гэж гайхах хүн бий байх. Цаг хугацаа өнгөрч, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх тусам Ц.Нямдоржийн үг, үйлдэл хоёр зөрдөг болох нь ил болж байна. Ард түмэнд ашиггүй болсон гэх Оюутолгойн гэрээ, Арбитрт дуудагдаад байгаа "Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудалд тэр одоо хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Мөн хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн уяачдын эмх замбараагүй байдлыг цэгцэлж, УИХ-ын гишүүдийг ёс зүйг ч тэр ярьж суух учиртай. Тэр Монголын хуулийн байгууллагыг олон жил толгойлсон, "түүхэн” гэрээнүүд хийгдэж байхад хажуугаас нь зөвлөж байсан нэгэн. Ярьж, хэлдэг шигээ учиргүй шударга нэгэн байсан бол энэ асуудлуудад аль эрт дуугараад, үнэний талд ад үзэгдээд, явж байх байлаа. Гэхдээ тэр тэгсэнгүй. Харин ч сайдын суудалтайгаа үлдэж, ШШГЕГ-аар тендер зарлаагүй, үнэтэй машин авахуулчихаад "Яадаг юм. Би тэр машиныг унаж байгаа” гэж яриад сууж байна. 2008 онд Оюутолгойн гэрээг батлахад тэр С.Баярын стандарт бус Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байв. Оюутолгойн гэрээг Швейцарийн шүүхээс "Монголын ард түмэнд ашиггүй, луйврын гэрээ болсон гэдгийг тогтоолдоо тусгажээ. Тэр үед Монголын хууль байгууллагыг толгойлж байсан Ц.Нямдорж сайд юу хийж байсан бэ. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар энэ талаар "Яг ярих юм бол. Тухайн үед Ц.Нямдорж сайд дээр нэр бүхий зарим хүн Оюутолгойн гэрээний анхны хувилбарыг барьж очсон байдаг. Тэгээд засуулаад Монголын хуулийн нөхцөлд ингэж болно гэсэн хуулийн гэрээг УИХ, Засгийн газраар оруулж байсан” гэж хэлж байгаа юм. С.Ганбаатарын хэлснээр бол гэрээг хуулийн талаас нь гардан "зассан” хүн нь Ц.Нямдорж болж байна. Есөн жилийн өмнө Оюутолгойн гэрээг АТГ-аас анх удаагаа шалгаж эхэллээ.
Хэрэв энэ нь хууль бус, Монголын ард түмнийг луйвардсан гэрээ болсон бол Ц.Нямдорж ч хариуцлага хүлээлцэж таарах болов уу. Тэр ард түмэнд таалагддаггүй улстөрчийн жагсаалтад дээгүүр давхиж байна. Иргэд эдгээр улстөрчийг таалахгүй байгаа нь тэдний үг үйлдэл хоёр зөрж байна, ёс бус үйлдэл гаргаж байна, хийж байгаа үйлдэл нь хүний эрхийн эсрэг байна. Ёс зүй ёс зүй бас дахин ёс зүй. Тэднээс ёс зүй нэхэх эрх бидэнд бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Т.БАТСАЙХАН