Мөнгө харахаараа юу ч хийхээс буцахгүй бузар нийгмийг Цагаан сарын баяр дөхсөн энэ үед бүр ч тод харж болно. Учир нь хүмүүс баярын бэлтгэлээ хийхээр их бага хэмжээгээр бүгд мөнгөтэй харьцаж, олон нийтийн газраар биедээ бэлэн мөнгө авч явах нь ихэсдэг. Энэ нь хулгайч, дээрэмчдийн хувьд өгөөш болох нь элбэг.
Өнгөрсөн жил Цагаан сарын баярын өмнөхөн тэтгэврийн зээл авчихаад банкнаас гарч ирсэн хөгшнийг хүү чинь танаас мөнгө аваад ир гэнээ хэмээн худал хэлж мөнгийг нь залилсан, Цагаан сарын баярын бэлтгэлээ базаахаар гэрээсээ гарч явсан 60 гаран насны эмэгтэйг мөнгийг нь дээрэмдэн орцонд нь хүчирхийлсэн гээд сэтгэл сэртхийлгэм аймшигтай хэргүүд олонтаа гарч байсан.
Тэгвэл энэ жил ч гэсэн иймэрхүү төрлийн балмад хэргүүд эхнээсээ гараад эхлэв. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт АТМ-ээс мөнгө аваад гэр рүүгээ орох гэж явсан эмэгтэйг гэрийнх нь үүдэнд эрэгтэй хүн зодож, дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчилжээ. Хэрэгтэй дээрмийн хэргээр ял эдэлж байгаад гарч ирсэн ч дахин дээрэм хийж байсан давтан хэрэгтэн байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Мөн олон нийтийн худалдааны төв, томоохон зах дээр явж байгаад мөнгө болон бусад эд зүйлээ хулгайд алдсан хүмүүсийн тоо олширчээ. Өчигдөр л гэхэд "Нарантуул” зах дээр нэгэн ахимаг насны эгч уйлж яваатай таарав. Учрыг лавлавал, "Хүү маань хөдөө ажилладаг юм. Ээжийнхээ Цагаан сарын бэлтгэлийг базаана гэж цуглуулсан хэдээ ээж рүүгээ явуулсан юм.
Өнөөхийг нь би сая алдчихлаа. Ямар муухай энэрэх сэтгэлгүй хулгайч нар вэ. Сугандаа хавчуулж, өвөртөө хийж, хүзүүнээсээ цүнхээ өлгөсөөр байдгаараа л хямгадсаар алдчихлаа. Одоо хүүдээ юу гэж хэлнэ” гээд яг л жаахан хүүхэд шиг уйлж байхыг хараад ямар их өрөвдөв.
Манайхан улам л энэрэх сэтгэлгүй, харгис хатуу нийгмийн өөрсдөө бий болгоод байх шиг. Цагаан сар хэмээх үнэдсний томоохон баяраа хөөрхий ахмадууд маань байдгаараа л хэр чинээндээ тааруулан хангалуун тэмдэглэхийг эрмэлздэг. Тиймдээ ч байдгаа шавхан байж баяраа тэмдэглэдгийг хувхай хулгайч нар мэдэхийн дээдээр мэддэг учир энэ үеийг ашиглан ажилдаа гардаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл тэтгэврийн зээл, өр ширээр ч гэсэн ахан дүүстэйгээ баярлах гэсэн хэдэн хөгшчүүлийнхээ сэтгэлийг энэрэх сэтгэлгүй муухай хулгайч нар үгүй хийж байгаад харамсч байна. Харгис нийгмийн золиос нь хөгшчүүл, эрэгтэйчүүд, хүүхдүүд байгаад бүр их харамсч байна.
Цагдаагийн байгууллагаас баяр дөхсөн энэ үеэр нэмэлт хүч гарган ажилладаг ч энэ үед хулгай дээрмийн хэрэг улам л ихэссээр байдаг. Тиймээс хүмүүс дор бүрнээ сэрэмжтэй байж, эд зүйлээ олон нийтийн газар хямгадаж, болж өгвөл бэлэн мөнгөгүй явахыг сэрэмжлүүлж байна.