|

Б.Лхагважав: ЖДҮ-гийн асуудал 2020 оны сонгуульд улс төрийн хүчний гол хөзөр болсон

 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.  

-Удахгүй хоёрдугаар сарын 28-нд танай танхимын ХХ Их хурал болох тов гарсан байна. Их хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэхээс гадна ТУЗ-ийн гишүүд болон Ерөнхийлөгчөө сонгоно. Танхимын ерөнхийлөгчид та дахин нэр дэвших үү?

-Танхимын ерөнхийлөгч Их хурлаас сонгогдоно. Тодорхой хүмүүс нэр дэвшиж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 26-ны өдөр хүртэл санал авч байгаа. Хэн, хэн нэр дэвшиж байгаа, хэрхэн сонгох нь Их хурлыг зохион байгуулж багийн шийдэх асуудал учраас Их хурлын гишүүдийн өмнөөс надад ярих эрх байхгүй. Миний хувьд нэг удаа дахин сонгогдох эрх байгаа. Энэ боломжоо ашиглаж, нэр дэвшинэ.

-Дахиад ерөнхийлөгчид нэр дэвшихдээ ямар мөрийн хөтөлбөр, бодлого дэвшүүлэх вэ?

-Би маш тодорхой гурван зүйлийг дэвшүүлж, түүнийхээ төлөө л тууштай ажиллана. Одоогоор өрсөлдөгчид эцэслэн тодорхой болоогүй учраас юу хийхээ нууцалж байгаад Их хурал дээр илэрхийлнэ.

-Ер нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ямар үр дүнтэй ажилласан юм бэ?

-Монголын эдийн засгийг шалан дээр унасан үед танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Би хоёр зүйл дэвшүүлсэн, тэрийгээ ч биелүүлсэн. Нэгд, Эдийн засгийн Өршөөлийн хууль гаргана, хоёрт, эдийн засгийн өсөлтийг бий болгоно л гэж гарч ирсэн. Өнөөдрийн макро эдийн засгийн 7 хувийн өсөлтөд өнгөрсөн дөрвөн жилийн танхимын үйл ажиллагаа маш идэвхтэй байсан нь нөлөөлсөн. Тухайн Засгийн газруудын бодлогууд, дээр нь Засгийн газруудтай ажиллаж чадсан танхимын бодлого, баялаг бүтээж байгаа компаниудын үйл ажиллагааны идэвхээр хасах нэг хувьтай байсан эдийн засгийг 7 хувьд хүргэлээ. Үүнд танхим маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Дараагийн түүхэн үүрэг гүйцэтгэх шаардлага байгаа. Эдийн засгийн өсөлтийг тогтоох, 2020 он угтсан популизмаас эдийн засгаа хамгаалах, салгахад танхим манлайлан ажиллахаас өөр арга байхгүй.

Өршөөлийн батлагдахад 17 мянган компани 37 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ орлогыг ил гаргаж, албан ёсны тайланд бүртгэж оруулсан. Энэ бол манай эдийн засгийн өсөлтийн денамик хүч юм. Танхим дээр Монгол Улсын татварын оновчлол буюу улс  төсвийн оновчлолыг маш нарийн аргаар гаргасан ном бий. Монголын долоон гол зардлыг яаж минимум болгох вэ гэдгийг тодорхойлсон. 2019 оны төсвийг энэ программыг дагуу явсан шүү.

 -Зарим бизнес эрхлэгчид танхим бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Ялангуяа ЖДҮХС-гийн асуудалтай холбоо дуугарахгүй, байр сууриа илэрхийлэхгүй байна гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?   

-ЖДҮ бол нэг л асуудал. Танхим харин нийт төсвийн зардал дээр л хяналт тавьдаг. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад долоон төрлийн татвар нэмэх гэж байхад бид төсвийн зардал өндөр байна, төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудын менежмент буруу байна гэдгийг маш сайн шүүмжилж, тодорхой өөрчлөлтүүдийг хийлгэж чадсан. Энэ бол бодит ажлын үр дүн шүү. Өнөөдрийн ЖДҮ бол 100 тэрбумын асуудал. Харин яагаад таван тэрбум ам.долларын асуудлыг ярихгүй байна вэ.

Өнгөрсөн жил татварын орлого 2.2 их наяд төгрөг буюу 2200 ЖДҮ-чний мөнгөтэй дүйцэх хэмжээгээр татварын орлого давж биелсэн байна. Цаашдаа бид нийтийн мөнгөний хяналтын системийг сайжруулахыг шаардаж байна. Сангийн яамнаас Засгийн газрын 26 санд шалгалт явуулж байна, мөн хуулийн асуудлыг ярьж байна. УИХ-аас бас шалгалт оруулж байгаа юм байна.  Дээр нь, сангуудын шалгалтыг 10 жилийн түүхээр нь хийж байгаа учраас нэлээд "но” илрэх байх. Том процесс цаана явна гэж харж байгаа. Харамсалтай нь, өнөөдөр ЖДҮ-гийн асуудал нь 2020 оны сонгуульд тодорхой хэмжээний улс төрийн хүчний барих гол хөзөр болчихлоо ш дээ. Яг нарийндаа таван тэрбум ам.долларын асуудал дээр дуугараагүй хүмүүс шүү. Надад бол ЖДҮ-гээс илүү 5 тэрбумын асуудлыг шийдэх нь чухал. 

-Та Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн байр сууриа илэрхийлж, бизнес эрхлэгчдийн саналыг хамгаалж ирсэн. Энэ хууль батлагдсанаар нийгэм, эдийн засагт ямар өгөөжтэй юм бэ?

-Нэгд, энэ хууль батлагдаж хэрэгжсэнээр эдийн засагт өсөлт авчирна. Хоёрт, шударга ёсны хэм хэмжээ руу дөхөж очно. Шударгаар татвар төлсөн нь зах зээлээ эзэлж, хөнгөлөлт урамшууллаа авдаг болно. Гуравт, иргэн, аж ахуйн нэгжийн идэвхтэй үл ажиллагааг татвар бүртгэдэг болно. Түүнээс биш төрийн хүчтэй механизм, мундаг дарга, байцаагчаар асуудлыг шийдэхгүй. Бүртгэл дээр суурилсан татварын шинэ багц хуулийн өөрчлөлт гэдгээр нь дөрвөн жил манаж явна. Хэрвээ зарчмын том өөрчлөлт оруулахгүйгээр  батлагдвал Монголын ард түмэн үр шимийг нь 2020 оноос үзнэ. 

Э.Мөнхцэцэг