Мэргэжлийн сайн хуульчтай, хуульчдын бүхэл бүтэн баг ажиллуулдаг аж ахуйн нэгжүүд хуулийн цоорхойгоор дуртай цагтаа орж гарах юм. Үүний бэлэн жишээ нь ХХБ. Арилжааны банк 2018 оны 1 дүгээр сарын 18-наас өмнө хараат болон охин компанитай байж болдог байлаа. Асар их мөнгө эргэлддэг энэ онцгой салбарын эрх зүйн зохицуулалтыг зөв хийгээгүйгээс арилжааны банкууд охин компани байгуулан, мөнгөө гэрлийн хурдаар арвижуулж байв. Банкны тухай хуулийн 6.2-т "Банк, түүний хараат болон охин компани Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа эрхэлнэ” гэсэн үгийг хууль завхруулагчид, авлига авагчид тусгай захиалгаар зориуд оруулсан байх л даа.
ХХБ Хөтөлийн "Цемент шохой”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, төмөр зам, авто зам, "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” компани гээд ашигтай бүхэнд санаархаж, мөнгөө арвижуулах бүхнийг өөрийн болгож байна.
Хөтөлийн "Цемент шохой” ТӨХК-тай 2011 оны 1 дүгээр сарын 17-нд "Бейзмент” компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, түүнийг Д.Сугар даргатай ТӨХ баталсан байна. Үүний дагуу 2014 оны 5 дугаар сард хуурай аргаар цемент боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулан, сүр дуулиантай нээлт хийхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар оролцож байв. Улмаар барьцаа лавшруулан, "Цемент шохой” ТӨХК-ийн 119.452.690 ширхэг хувьцааг 1.386.106.400 төгрөгөөр "Бейзмент” компани худалдаж авсан юм. Ц.Нанзаддоржийн гарын үсэгтэй уг тогтоолд "… санал болгон худалдсугай” гэж бий. Үүний дараа "Бейзмент”-ийн нэрийг 2016 онд "Хөтөл” болгон өөрчилжээ. Тус компанийн 20 хувийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийн аав Д.Мишиг эзэмшдэг гэх дуулиан дэгдээд байгаа.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 230 сая тонн хүдрийн нөөцтэй Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уулын орд газартай нь хамт 2011 онд мөн л менежментийн хувьчлалаар өөрийн болгосон түүхтэй. Ингэхдээ "Кью Эс Си” гэх охин компанийнхаа нэрээр халхавчилсан. "Кью Эс Си” бол Монголбанкнаас тэрбум тэрбумаар нь мөнгө зээлж, "Эрдэнэт”, "Монголросцветмет”-ийг авахад нь тусалсан компани гэдийг монголчууд одоо мэддэг болсон. Техник технологийг нь шинэчилнэ, төмрийн хүдэр баяжуулна, ангижруулсан төмрийн үйлдвэр барина, хүдрийн орд газраас үйлдвэр хүртэл төмөр зам тавина гэсэн нөхцөлтэйгээр авсан атлаа 24 цагаар тасралтгүй ажиллаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үлгэн салган ажиллуулан, зөвхөн орд газраас нь вагон вагоноор нь төмрийн хүдэр ачин, Хятад руу зөөхөд анхаарсан даа. Үйлдвэрийн ажилчид нь тэр хооронд ажилтай ч юм шиг ажилгүй ч юм шиг явсаар зарим нь Солонгост очиж, хар ажил хүртэл хийж байлаа.
Төмөр зам. Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалтай нь ХХБ-ны бас нэг охин компани болох "Монголиан рейлвэй корпорэйшн” 2015 оны 12 дугаар сард тавьсан. Тэрбумтан залуу Ц.Пүрэвтүвшингийн нэр дээр бүртгэлтэй энэ компани төмөр замынхаа даланг "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхнээр тавиулж, Мардайн орхигдсон рейлсийг зөөж авчраад, Хятадаас бетон дэр оруулж иржээ. Уг төмөр замаа 5.8 сая ам.доллароор Засгийн газарт шахаж, засаг түүнийг нь "Монголын төмөр зам” компанид шилжүүлсэн юм. Монголын баялгийг үнэгүй шахам зөөхөд ашиглаж байгаа төмөр замаа төрд зарчихдаг тун сүйхээтэй.
Авто зам. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэй ордоос хүдэр зөөхийн тулд төмөр замын Хандгайт өртөө хүртэл хатуу хучилттай 95 км авто зам тавьсан юм. 2016 онд ашиглалтад оруулсан уг замыг ХХБ-ны өөр нэг охин компани "Пик деволмент” гүйцэтгэсэн. Энэ компани Үүл баатрын төрсөн дүү Э.Батхүүгийн хүү Насанжаргалын нэр дээр бүртгэлтэй. Үүл баатарын ачийн энэ компани ХХБ-ны бас нэг охин компани болох "Монголын зэс корпорэйшн”-д 18.6 тэрбум төгрөг зээлж, "Эрдэнэт”, "Монголросцветмет”-ийн 49 хувийг авахад нь тус хүргэсэн дээ.
Багануурын уурхай. ХХБ, тус банкны хуульч Ц.Пүрэвтүвшингийн нэр холбогдсон бас нэг баялаг бол Багануурын уурхай. "Багануур” ХК нийт 20.974.360 ширхэг энгийн хувьцаатай. Үүний 75 хувийг Монголын төр буюу "Эрдэнэс Монгол”, 21.06 хувийг "Монголын нүүрс корпорац”, үлдсэн 3.94 хувийг 4000 гаруй иргэн, хуулийн этгээд эзэмшдэг. Австралийн компанийн мэдэлд байсан 21.06 хувийг ХХБ-наас хамааралтай бүхий "Монголын нүүрс корпорац” компани 2012 онд худалдаж авчээ.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруунхонхор гэдэг газарт ашигт малтмалын хайгуул хийх 12164Х тусгай зөвшөөрлийг 2006 оны 11 дүгээр сард АМГТХЭГ-ын дарга Л.Болд (одоогийн УИХ-ын гишүүн)-оос "Алтай гоулд” компани авав. Улсын төсвөөр хайгуул хийгээд, нөөцийг нь тогтоочихсон, "Багануур” ХК-ийн нүүрсний уурхайн орд газарт харьяалагддаг энэ хэсэг газраас нүүрс олборло гээд жилийн дараа дахиад Л.Болд дарга 12959 А лиценз олгочихож. "Багануур” компани 2008 онд үүнийг мэдээд, шат шатны байгууллагаар хөөцөлдөж эхэлжээ. Тэгэхээр нь "Алтай гоулд” уг лицензийг 2010 оны 9 дүгээр сард Ц.Пүрэвтүвшин захиралтай "Алтайн гянт” ХХК-д шилжүүлжээ.
Айлын хашаан доторх газрыг өөр айлд өгчихсөн АМГ энэ бантангаа өөрсдөө цэгцлэхээр 2012 оны 10 дугаар сарын 23-нд дээрх лицензээ хүчингүй болгосон юм. Будлиан тарьсан Л.Болд энэ үед УИХ-д морилж байлаа. Ингээд "Алтайн гянт” гурван жил чимээгүй байж байснаа 2015 онд гэнэтхэн АМГ-ыг шүүхэд өгчихөв. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд шүүх уг гомдлыг нь хүлээж аваагүй ч 2016 онд тус компани нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэж чадсан юм. Ингээд ноднин тус шүүх "Алтайн гянт”-ын гомдлыг анхан шатны шүүх рүү буцааснаар энэ бантан дахиад үргэлжилж байна.
Банк ямар ч компанитай байж болохгүй
Банк хараат болон охин компаниатай байж, Банкны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрснөөс өөр бизнес эрхэлж болохгүй. Одоо тийм болсон. Банкны тухай хуулийг жил гаруйн өмнө шинэчлэн батлахдаа "Банк, түүний хараат болон охин компани Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа эрхэлнэ” гэсэн заалтаас түүний хараат болон охин компани гэдэг үгийг хассан юм. Учир нь банкны мөнгө гэдэг бол банкны эзний, ТУЗ-ийн гишүүдийн мөнгө биш. Эздийн мөнгө ердөө нэг хувь, бусад нь бусдын мөнгө байдаг. Дуслыг хураавал далай гэдэг зүйр цэцэн үг банкинд л жинхэнэ хэрэгждэг гэж хэлж болно. Өрөөлөөс цуглуулсан, өөрт нь итгэж хадгалуулсан тэр дуслуудыг нийлүүлж, далай болгочихоод хэдхэн хүн бизнес хийвэл дэндүү шударга бус. Батаа банкнаас жилийн 20.4 хувийн хүүтэй мөнгө зээлээд бизнес эрхэлж байхад, банк үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг жилийн 14.2 хувийн хүүтэй авчихаад, бизнес хийвэл шударга уу?
Батаад банк дээд тал нь 30 сая төгрөг зээлж байхад, банк 400 мянган ам.доллароор үйлдвэр, стратегийн орд газар худалдан авч байна. Банкнаас зээл авахын тулд Батаа шүдээ татуулахын наахнуур юм болж, хамаг хөрөнгөө барьцаанд тавьдаг бол банк үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг ямар ч барьцаагүй авдаг. Тэр тусмаа ХХБ бол иргэдэд биш, аж ахуйн нэгж, байгууллагуудад суурилсан үйлчилгээ үзүүлдэг банк. Батаагийн 100 мянган төгрөгийг хадгалах гэж толгойгоо өвтгөдөггүй, харин бизнесийнх нь 30 сая төгрөгийг дамжуулахыг эрмэлздэг банк. Тиймээс л энэ банк төмөр зам, авто зам, алтны, зэсийн, нүүрсний, цементийн, төмрийн гээд Монголын хамаг том үйлдвэр бүхэн рүү санаархаж чадаж байгаа юм. Тийм ч учраас банк охин, хараат, ер нь ямар ч компанитай байж болохгүй. Одоо хуулиа дагах ёстой. ХХБ-ны энэ олон компанийг хуулийн дагуу нэг тийш болгох учиртай.
Эх сурвалж: Udriinsait.mn