|

Цацрагийн ослын үед эмнэлэгийн яаралтай тусламж хэрхэн үзүүлэх вэ?

Цацрагийн ослын үед  эмнэлэгийн яаралтай тусламж хэрхэн үзүүлэх вэ?

 

ХСҮТ-ийн Цацрагийн аюулгүйн албанаас МУ-ын Шадар сайдын ажлын алба, МХЕГ, ЦЭК, ЭМЯ, ДЭМБ хамтран "Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлэгийн яаралтай тусламж” сэдэвт үндэсний сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Шадар  сайд О.Энхтүвшингийн ивээл дор зохион байгуулагдаж, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид  хамрагдлаа. Сургалтад цацрагийн үеийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, осол болсон үед анхны тусламж үзүүлэх, ослын үед арга хэмжээ авч буй багуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл өгсөн. 

Мөн Хирошима их сургуулийн Цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн профессор Хирошиха Нобуюуки Япон улсад цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн системийн талаар өөрийн орны туршлага дээр тулгуурлан тайлбарласан юм.

Сургалтаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт цөмийн технологи ашигласан оношлогоо, эмчилгээний аргууд өргөн нэвтэрч байгаатай холбогдуулан цацрагийн аюулгүй байдлыг хангах, ослын үед үзүүлэх эмнэлэгийн тусламжийн тогтолцоог бүрдүүлэх, үүнд эмч мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг онцолсон.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалт эхний өдөр илтгэл, лекц явагдаж, хоёр дахь өдөр бэлэн байдлын үед үзүүлэх сургууль, дадлага ажил явагдсан. 

Цөмийн технологи ашиглаж байх үеийн аюулгүй ажиллагааг дагаж мөрдөхгүй бол эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хувьд цацрагийн тунгийн хэмжээнээс хамааран сөрөг үр дагавар гардаг. Тодруулбал, хорт хавдар үүсэх нөхцөл болдог бөгөөд нүдний болор цайх, бамбай булчирхайн зангилаа үүсэх, бамбайн дэргэдэх булчирхайн үйл ажиллагааны эмгэгүүд үүсэх магадлалтай. 8-25 долоо хоногтой ураг цацрагт өртсөнөөр тархины хөгжил ба биеийн өсөлт хоцрогдолтой, зүрх, элэгний архаг өвчнүүд, цусан дахь холестеролын түвшин ихсэлт, дархлалын системийн үйл ажиллагааны алдагдлууд гэсэн хавдрын бус өвчлөлүүд үүсдэг ажээ. Цацраг идэвхт үүсгүүр бүхий тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, аюулгүйн ажиллагааны дүрэм мөрдөөгүйгээс цацрагийн осол гарахад хамгийн түрүүнд хүмүүст сэтгэл зүйн дэмжлэгийн арга хэмжээг авах шаарлагатай ажээ. Үүний дараа эмнэлгийн анхны тусламжийг үзүүлдэг байна.