Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффшор данстай эрхмүүдийг шалгаж эхлэхээр болсон тухай баттай эх сурвалжаас мэдээллээ. Оффшортой гэгдэх эрхмүүдийн жагсаалтад С.Баярцогт, Б.Чулуудай, Д.Батбаяр, Сү.Батболд гээд олон хүний нэрс хөвөрч буй юм. Оффшор данстай хүмүүсийг дэлхий дахинд зарласан өдрөөс хойш улстөрчид, бизнесменүүд нэрээ цэвэрлэхээр ”Панамын материалууд”-ыг үгүйсгэж эхэлсэн.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллага оффшор бүсэд данстай нэр бүхий эрхмүүдийг өчигдрөөс эхлэн шалгахаар болжээ.
Ерөнхийлөгч оффшор данстай эрхмүүдтэй дайн зарлачихсан
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдрүүдээр Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, хийсэн ажлаа тайлагнасан. Энэ үеэр иргэд түүнээс УИХ-ын гишүүн С.Баярцогт болон оффшор данстай хүмүүст хэрхэн хариуцлага тооцохыг асууж тодруулсан юм. Ерөнхийлөгч тэдний асуултад дараах хариултыг өгчээ.
Тэрбээр "Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Би ч иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр шалгуул гэж хэлсэн” гэж мэдэгджээ.Ерөнхийлөгч ийнхүү хэлсэн нь оффшор дансанд бүртгэлтэй, нэр бүхий 49 хүнийг шалгахад түлхэц өгсөн гэсэн үг. Тиймээс л хууль хяналтынхан хөдөлгөөнд орж, эдгээр эрхмийн оффшор дансанд байршиж буй мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ханцуй шамлан оржээ гэж ойлгож болно.
Мэдээж нууц данстнуудын асуудлыг удахгүй болох сонгуулийн өмнө эцэслэж, яаравчлан шийдвэрлэхийг үүрэг болгосон тухай ч мэдээллийн эх сурвалж хэлж байв. С.Баярцогтын хувьд аль 2013 онд оффшор данс нь ил болсон ч түүнд өдийг хүртэл ямар ч хариуцлага тооцоогүй юм. Тэгвэл сонгуулийн дуулиан чимээнээр түүнээс гадна олон оффшор данстан илэрч, зарим нь нэр дэвших эрхээ хасуулж ч мэдэхээр болжээ.
Ерөнхийлөгчөөс өмнө УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Г.Уянга, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр тэргүүтэй олны танил эрхмүүд оффшор данстнуудыг шалгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг нь тогтоолгоно гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Нэр бүхий 49 хүний мөнгөний гарал үүслийг ил болгоно
Өнөөдрийн байдлаар илрээд буй 49 хүнээс улстөрчдийг нэрлэвэл гарын арван хуруунд багтахаар цөөн байна. Гэхдээ үлдсэн хүмүүс нь бүгд улстөрчидтэй холбоотой бизнесийн бүлэглэлүүд байгаа аж.
Эдгээр бизнесийнхний ард ямар улстөрчид байгааг олж илрүүлэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах нь дамжиггүй. Угтаа бол энэ ажил сонгуулийн өмнө эцэслэгдэхгүй ч гэлээ Ерөнхийлөгч өөрөө албаа өгөхөөсөө өмнө улстөрд нэг мөсөн цэвэрлэгээ хийж, эрүүл Монголыг ард түмэндээ үлдээх зорилго тээж байгаа ч байж мэднэ. Тиймээс л шалгана, шалгахгүй гэж яригдаж байсан оффшор дансыг шалгахаар болсон нь энэ аж. Хэдийгээр оффшор данс, оффшор компанийг бизнесийн эрх зүйн үүднээс хууль бус үйлдэл гэж үзэхгүй байгаа ч үүнд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдох нь зохисгүй үйлдэл юм.
Татвар төлөхөөс
зайлсхийх нь аль ч улсад гэмт хэрэг
Ер нь оффшор бүс, оффшор компани, оффшор данс гэж юу вэ. Өмгөөлөх талаас нь тайлбарлах гээд үзье. Оффшор бүсийг татварын диваажин гэж их л өхөөрдөн нэрлэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл хамгийн бага татвар, хамгийн хялбар бүртгэл, хамгийн найдвартай нууцлал, хамгийн их зувчуулал. Оффшор бизнес, түүний дотоод мөн чанар булхайтай үйл ажиллагааг олон жил судалсан Жон Кристенсен 2010-аад оны үед бичихдээ "Оффшор бүсийн диваажингууд жил бүр 500 гаруй тэрбум ам.долларыг гуравдагч ертөнцийн орнуудаас хулгайлах боломжийг олгож байдаг” гэжээ. Энэ хулгайлагдсан мөнгөний ихэнх хэсэг нь хэзээ ч эргэхгүйгээр оффшор бүсдээ үлддэг байна. Өчүүхэн хэсэг нь л тодорхой хугацааны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн сайхан нэртэй болчихоод тухайн улсад орж ирж, оффшортнуудын халаасыг улам зузааруулангаа улс орныг нь давхар өрөнд оруулж хохироож байдаг гэнэ. Оффшортнууд нь тухайн орны төр засгийн эрх мэдэлтнүүд, үндэстэн дамнасан том компаниуд, оффшор бүсийн үйлчилгээ үзүүлдэг хууль, санхүү банкны трестүүдийн хамтлаг байдаг. Татварын диваажингийн үнэн нүүр царайг сайхь Жон Кристенсен тодорхойлохдоо "Татварыг хамгийн бага болгох татвараас зайлсхийх хоёрт тодорхой ялгаа зааг байхгүй” гэсэн байна. Татвар төлөхөөс зайлсхийх нь аль ч улсын хуулиар гэмт хэрэг юм. Ямар ч сайхан тайлбар манай алдарт оффшортнуудын гэмт үйлдлийг зөвтгөхгүй. Оффшорт ер нь ямар мөнгөнүүд байршдаг юм бол. Байгалийн баялгаас хулгайлсан, хууль бусаар зувчуулсан, улсын сангаас хумсалсан, авлигаар олсон мөнгө, улс орны эрх ашгийг хохироож, гадаадынханд боломж олгосны төлөөх шагналын мөнгө, зэр зэвсэг, хар тамхи, хүний болон эд эрхтний наймаанаас олсон мөнгө, луйвар залилан дээрмийн мөнгө гэх мэт тоолж баршгүй муу муухай үйлдлийн үр дүнд бий болсон бохир мөнгөнүүд тэнд нуугдаад дараачийн бузар үйлдэлд зориулагдахаар отож байдаг гэнэ.
Товчхондоо бол оффшордоно гэдэг хулхидаж хулгайлах, бултаж нуугдах, зайлж дайсагнах л гэсэн үг юм. Яаж ч бодсон хуулийн дагуу бизнес хийгээд, тайлагнаад, татвараа төлөөд явж байгаа жирийн хэн нэгэн хаа хамаагүй газар, гадаад далайн уснаас цухуйж байдаг шүрэн цохионд мөнгөө, эсвэл компаниа аваачиж нуухгүй нь лавтай.
"Төмөртийн-Овоо”, "Бороогийн орд”, "Оюу толгой”-гоо тавиад туучихсан юм биш биз
Гадны жишээнээс таталгүй өөрсөд дээрээ шууд махчилж ойлговол "Төмөртийн-Овоо”, "Бороогийн орд”, "Оюу толгой”, "Ноён-Уул” гээд хамаг баялгаа гадаадыханд найр тавиад, хуссан, "шагнуулсан” жаал юмнуудаа оффшорт нуугаад, одоо бас "Таван толгой”, "Талын мэлтэс”, шатдаг занар, "шар нунтаг”, газрын тос, газрын ховор элемент, метан хийгээ дээрээс нь өгсөн бол гэх хардлага нийгэмд тарчихсан. Энэ мэт булхай луйврыг нуусан улстөрчд болон эрх мэдэл бүхий хүмүүсийг ил болгохын тулд цагдаагийнхан тус бүсэд данстай хүн болгоныг угшлаар нь хөөж, хөрөнгийн эх үүсвэр нь хаанаас байсан бэ гэдгийг тодорхой болгохын тулд ханцуй шамлан орчихлоо. Харин одоо ямар ямар улстөрчдийн булхай дэлгэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд бий болж байна.
Өглөөний сонин