"Дарханы мэдээ" сониныхоо энэ удаагийн дугаарын зочноор Дарханчуудын амьдралын тав тух, хөгжил дэвшилд онцгой үүрэгтэй нэгэн чухал байгууллагын удирдлагыг урьсан нь Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангадаг "Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг юм. Ингээд зочинтой хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.
-Байгууллагынхаа түүхээс товч танилцуулаач.
- Анх 1965 онд Дархан хотод Дулааны цахилгаан станц ашиглалтанд орсноор төвлөрсөн дулаан хангамжийн системийн эхлэл тавигдаж байсан тэр цаг үеэс хойш 50 гаруй жил өнгөрч эдүгээ тус компани нь ДЦС-ийн цехээс бие даасан мэргэжлийн байгууллага болтлоо өсч хөгжсөн байна. ДДС” ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон "Дулаан түгээх”, Дулаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд Дархан хотын 11510 айл өрх, 1532 ААН, байгууллагуудад дулааны эрчим хүч түгээж байна. Дулааны цахилгаан станцаас жилд дунджаар 480-500мянган Гкал дулааны эрчим хүч худалдан авч, хэрэглэгчдэд түгээн 5730,6-6749,1сая төгрөгийн борлуулалт хийж байна.
-Энэ жилийн хувьд шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил төлөвлөсний дагуу хийгдэж байна уу? Дархан хот өвөлжилтөнд бэлэн үү?
- 2016-2017 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засварт нийт 400.0 сая төгрөг зарцуулж байгаа бол ТЗБАХ-гээр 266.4 сая төгрөгийн өртөг бүхий 10 ажлыг хийлээ. 295.2 сая төгрөгийн хөрөнгө худалдаж авсан гээд өвөлжилт, засварын ажил төлөвлөсний дагуу хийгдэж, дуусах шатандаа орсон. Хотын халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг аймгийн Засаг дарга тогтоодог. Үүний дагуу орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15-нд залгасан. Аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтыг ирэх сарын 1-нд өгнө.
-Манай аймагт жилээс жилд бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр дулаан авагч байгууллага нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд танай байгууллага нийт хэдэн өрх, аж ахуйн нэгж, барилгыг дулаанаар хангах вэ?
- Ер нь Дархан хотын дулааны эрчим хүч хүрээгээ тэлж, хөгжсөөр байна. Энэ жилийн хувьд сүлжээнд 27 хэрэглэгч шинээр нэмэгдэж холбогдсон. Дархан суманд төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсон 1532 аж ахуйн нэгжийн дулааны эрчим хүчний гэрээ хийх ажил 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхэлсэн. Гэрээ сунгалт 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх тул хэрэглэгчид маань бичиг баримтуудаа авчран гэрээгээ хийх шаардлагатай байна.
-Өнөөдөр Дархан хотод дулааны сүлжээний хүчин чадал ямар байна вэ? Дарханы дулаан хангамжийн системийн шинэчлэлд хэрхэн анхаарч байна вэ?
-Дархан хотын дулаан дамжуулах сүлжээ нь анх ашиглалтанд орсноор 49 дэх жилдээ ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт шугам хоолойн 37,5% буюу 8627 метр шугамын ашиглалтын хугацаа дууссан. 2012-2016 онд нийт ашиглалтын хугацаа дууссан, өргөтгөх шаардлагатай 27,3 км шугам хоолойг улс, орон нутгийн болон өөрийн хөрөнгөөр сольж шинэчилснээр нийт шугам хоолойн 12% нь шинэчлэгдэж ашиглалтын түвшин сайжирч, дулаан алдагдалыг 5-6%-иар бууруулсан. Ингэснээр 2500 айл өрхийг шинээр дулааны шугамд холбох боломжтой болсон.
Мөн хаалттай системд шилжсэнээр нэмэлт усыг хоногт 1500тн, сард 45000тн хэмнэх, тогтмол зарцуулалтын насосыг хувьсах зарцуулалтын насосоор шинэчилснээр жилд 30 сая төгрөг хэмнэж байна. Цаашид нийт хэрэглэгчдийн 50% буюу 4, 5 дугаар хороолол, хуучин Дарханы хэрэглэгчдийг дулаанаар хангадаг 600 мм-ийн голчтой 2733 метр шугамыг ирэх оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сольж шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна. Учир нь энэ шугам нь 2012 онд 2 удаа, 2013 онд 3 удаа, 2014 онд 2 удаа гэмтэл гарч хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж чадахгүйд хүрээд байгаа юм.
2014 оноос манай инженер техникийн ажилтнууд Эрчим хүчний ассоциацитай хамтран Дархан хотын дулаан хангамжийн системийг "Шинэ дэвшилтэт техниологид шилжүүлэх” урьдчилсан ТЭЗҮ–г боловсруулж, 2015 онд ЭХЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулсан. Цаашид уг ТЭЗҮ-г хэрэгжүүлэх ажилд Засгийн газрын баталгаа гаргуулах, олон улсын зээл тусламж болон эрчим хүчний салбарт 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх ажлын жагсаалтад тусгуулж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Мөн Дархан хотын орон сууцны байруудын "Айл өрхүүдэд хэрэгцээний халуун усны ухаалаг тоолуур суурилуулах” төслийг боловсруулж эхлээд байна.
-Төслийн үр дүнг тодруулаач?
-Уг төслийг хэрэгжүүлснээр дулааны борлуулалтын авлагыг 100% төвлөрүүлэх, компанийн эдийн засгийг дээшлүүлэх, улмаар эрчим хүчний компаниудын өр авлагын сүлжээг багасгаж, хэрэглэгчдийн халуун усны хэрэглээг бодитоор тооцох, цэвэр усны хэмнэлт гарах, усны алдагдал буурах, салбарын эдийн засгийг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж тооцож байна.
-Хэрэглэгчээ дээдэлсэн олон санаачилгуудыг өрнүүлж байгаад талархаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Бид өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангаж ажиллахыг зорьж байна. Мөн хотын хүндрэлтэй хэсгүүдийн дулаан хангамжийг шийдэх, орчин үеийн дулааны шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд анхаарч, тодорхой шинэчлэлийн ажлуудыг хийж байна. Энэ зуур онцлоход хэрэглэгчдийг онлайн системээр төлбөрөө төлөх, санал хүсэлт, өргөдөл гомдол илгээх, дуудлага өгөх, тоолуурын мэдээлэл, дулааны бичилт, гэрээний мэдээллээ харж болох илүү хялбар онлайн системийг нэвтрүүлээд байна. Энэ нь хэрэглэхэд маш хялбар, хэрэглэгчдийг заавал банканд ойчирлож төлбөр төлөх, эсхүл "ДДС” ТӨХК дээр ирж төлбөрийн мэдээлэл зэргийг авдаг байсан хүндрэлтэй асуудлыг бүрэн шийдэж өгсөн.
Ярилцсан: Х.Соёл-Эрдэнэ
Дарханы мэдээ сонин 2016.09 сар VII нүүрт