УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Манай улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байна. Сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгажээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаанаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 650 тэрбумыг арилжааны банкуудад 15 хувийн хүүтэй байршуулах талаар ярилцсан. Бидний хувьд тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд нь олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавих асуудлыг ярилцаж байгаа. Тэтгэврийн зээлийн 18 хувийн хүүг 15, 12, 9 гэхчлэн үе шаттайгаар бууруулах чиглэл өгөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд тэтгэврийн асуудалд нэгдсэн аян зохион байгуулна. Учир нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авдаг, тогтоосон хэмжээнээс бага тэтгэвэр олгож байгаа нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой хууль бус ажиллагаанд хяналт шалгалт хийнэ. Нэгдсэн аяныг Хууль зүй, дотоод хэргийн яам, хүчний байгууллагатай хамтран хийхээр төлөвлөж байна.
Үүний дараа ижил хугацаанд, адилхан нөхцөл байдалд ажил хийсэн ч тэтгэвэр нь зөрүүтэй байдаг ахмадын асуудлыг судлан шийдвэрлэнэ. Түүнчлэн нийт ахмадуудын 67.5 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Хуулийн төсөлд аймаг, нийслэл харгалзалгүй ахмад настнууд таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих заалтыг оруулсан. Харин таван жилд нэг удаа ахмад настнуудыг хиймэл шүд, протез хийх төлбөрийг төрөөс даадаг хугацааг богиносгох шаардлагагүй гэж үзэж байна. Чанартай сайн байгууллагаар хиймэл шүд, протезоо хийлгэвэл асуудал үүсэхгүй гэж бодож байна. Улсын хэмжээнд бие даан амьдрах чадваргүй ахмад настан 7000 байгаа. Гэвч улсын хэмжээнд ахмадын асрамжийн газар ес байдаг бөгөөд нийт орны тоо нь 243. Энэ асуудалд УИХ-ын гишүүдээсээ дэмжлэг хүсмээр байна. Ирэх онд хэлэлцэгдэх нийгмийн халамжийн тухай хуульд энэ асуудлыг шийдвэрлэх томоохон зохицуулалт шаардлагатай байна” гэлээ.
Гишүүдийн 83.7 хувийн саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. Мөн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн Алдар цолтой ахмад настанд сар бүрийн нэмэгдэл, тусламж болон бусад хөнгөлөлтөд 2015 оны байдлаар давхардсан тоогоор 4789 ахмад настан хамрагдаж, тав орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Иймд алдар цолтой ахмад настнуудад олгож буй мөнгөн тусламж, урамшуулал нь нийгмийн халамжийн гэхээсээ илүү алдар гавьяагаа төрөөс үнэлүүлж байгаад үзүүлж буй хүндэтгэл хэмээн үзэн, эрх зүйн байдлыг хэвээр үргэлжлүүлэхээр тусгасан болохыг хэмээн Н.Номтойбаяр сайд танилцуулж гишүүд дэмжив.
ЗУУНЫ МЭДЭЭ