Одоогийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Тариатын хүрээнээс 19 настай бадарчлан гарсан Лувсанчүлтэм лам 21 настайдаа Өвөрлөгчид явж байгаад 1931 онд Сэрхийн хийдийн лам нар Сэрхийн овоог тахих юм гэнэ гэж сонсоод яваад очиж дээ.
Тэндхийн мөргөлчид халхын Дилав хутагт овоо тахилгад хүрэлцэн ирэх юм гэж их л хөл хөөрцөг болж байх юм гэнэ. Лувсанчүлтэм гуайн багаасаа шавилан суусан Тариатын хүрээгээр хутагт хувилгаад заларч нэг их сүйд болж, хөл болдоггүй, тэр хувилгаад ч нэг их залраад байдаггүй буйдхан нутаг юмсанж.
Сэрх хавиар нутгийн өвөрлөгчид, явуулын халх, үзэмчин, торгуудууд, ер нь их хөл орж Дилав хутагтад бараалхана гэж харуулдан байгаа бололтой гэнэ. Овооны наадам ч эхэллээ гэнэ. Дилав хутагт морилоод ирлээ гэцгээгээд хүүхэд шуухадгүй хөлхөлдөж байтал хэдэн морьтон хиа дагуулсан хятад хөнгөн жууз тэрэгтэй эрхэмсэг хүмүүс хүрээд ирсэн нь Дилав хутагт гэдэг нь байж.
Нэг л их хоргой торго, алт мөнгөн тоногтой лам ноён ирэх байх гэж бодож байсан нь үгүй гэнэ. Харин ов товхон цоохор нүүртэй дунд насны өндөрдүүхэн нуруутай хөхөлбий бор хүн байсан нь нутгийнхнаас нэг их онцгойроод байх юмгүй эгэл нэгэн харагдаж байж. Харин бараа бологчид нь жигтэйхэн гоёчихсон, гоё эмээл хазаартай морьд уначихсан урт сайхан тэнзэн ташууртангууд ажээ. Тэдний зарим нь түрэмгий гэдэг нь жигтэйхэн ууртай ширүүн лам нар байв. Бас сайн дурын дагалдагчид, хамгаалагчид ч олон юм гэнэ.
Лувсанчүлтэм гуай, халхын нэртэй хутагттай хүний газар тааралдсаных аян замаа асууя. Нутгаасаа гарснаас хойш сурч бүтээсэн ч юмгүй. Өвөрлөгч, Утай, Гүмбүмээр хэсэхээр нэг болов доо. Одоо Жагарын орон явбал яадаг юм бол асууя байз гэж бодоод хадаг бэлтгэн боломжийг хараад байж. Овоо тахилгын гурван өдөрт амжсангүй гэнэ. Баргын баячууд отог хошууны ноёд, Хөх нуурынхан шаваад байх юмсанж. Дөрөв дэх өдрийн орой Хутагтын өргөө хавиар эргэлдэж яваад нэгэн сиймхий тааруулаад орчихож дээ. Хадгаа дэлгэн Дэлгэр мөрнөөс бадарчлан гарснаа хэлж цаашид Жагарын орон явчих санаатайгаа хэлээд орхисон чинь Дилав хутагт бор модон тагштай цайгаа оочлох зуур
-Хөөе! Хөөе! Лам аа!
-Бар умдагандаа гижигтэй юм гэдэг шүү! гээд нэг их доогтойгоор тас тасхийтэл инээгээд
-Жагар явах сайн, сайн! гээд өөр юм хэлсэнгүй. Ширээн дээр байсан бийр янтайгаа ойртуулах нь өөр хэлэх юм алга даа! гэсэн санаа байна даа. Энэ хутагт миний өчүүхэн хадагийг голоод өөдтэй үг надад хэлсэнгүй дээ. Аргагүй ээ, Богдын шадар лам байсан хүн.
Өвөрлөгчийн баячуудын алтанд умбасан хүн. Ер бага залуугаасаа хоргой торго, алтанд бялхсан болохоор намайг юу гэж тоох билээ хэмээн сэтгэл нэлээд гонсгор Хутагтын өргөөнөөс гарчээ. Хэдэн сарын дараа санаа шулуудан Жагарын орон орохоор Төвд бадарчид дагаад гарч өгч. Тэгээд ерөнхийдөө Төвд орон, Сиккимм, Бутан, Бурагва орноор хэдэн жил хөндлөн гулдгүй хэрэн бадарчилжээ.
Тэгэхэд улам цааш цаашаа явмаар санагдаад байх болж. Нутагтаа байхад нь багш нь өөртөө хэрэгтэй, байхгүй номоо хуулуулж бичүүлэхдээ сайхан бичлэгтэйгий нь гайхаж ном бичүүлээд л улам сайхан бичдэг болж байгааг нь хэлж урам хайрладаг байсан нь хоолоо олж идэх эрдэм нь болж, энэ эрдмээрээ мөнгө олох, хоногийн байр олох аргыг ахмад туршлагатай бадарчингуудаас сурч үүргэвчиндээ үзэг бийр ямагт байлгадаг, түүнийгээ нандигнан эрхэмлэдэг болжээ.
Тэгээд нэгэн Төвд язгууртны захиалгаар алтаар "Жадамба” судрыг 3 сар тэдний гэрт нь сууж, хоол цай зөөлгөн байж бүтээгээд нэлээд хэмжээний янчаан олж, гарын бэлтэй болоод Балба орон орохоор сэтгэл шулуудан алхаж гэнэ. Заримдаа үүргийн наймаачидтай, заримдаа Буруг, Сикки, Төвд нутгийн бадарчин, шинжээчин, уулчин, ямаачидтай тааралдан замын аяс даган явсаар Гимлайн нэгэн хадархаг бяцхан хөндийг аргагүй л ганцаараа туулах болж дээ.
Тэр нь гайгүй. Манай Богд хан уулын Зайсангийн нэгэн ам шиг багцааны юм гэнэ. Уулнаас буун хөндий аманд ороод явж байтал хаанаас гараад ирсэнийг бүү мэд нэгэн том бар угтан харайгаад ирж байна гэнэ. Эргэж гүйх газаргүй.
Солих хувцас, бичгийн хэрэглэл, аяга шанага, тогоогоо хийдэг үүрэг, таяг болгон нутгаасаа барьж гарсан Дэлгэр мөрний 4 тохой бургаснаас өөр юмгүй амьтан. Бар ч давхиад ирж, Лувсанчүлтэм гуай ч гэдэргээ унаад өгч, айсандаа ухаан алдчихсан юм байх. Бар дайрч унагаасан ч юм уу бүү мэд. Нэг л харсан чинь бар дээр нь гараад зогсчихсон, өөрөө дор нь гэдэргээ хараад хэвтчихсэн байх юм гэнэ. Барын дор хэвтэж байх нь аймаар байлгүй яахав. Харсан чинь нүүрнийх нь дээр барын цавь, умдаг нь харагдаж байна гэнэ.
Тэр барын бөгс нь Лувсанчүлтэм гуайн толгой дээр, толгой нь Лувсанчүлтэм гуайн цавин дээр ухаандаа хоёулаа хоёр тийшээ харчихсан байх юм гэнэ. Айсан ухаанд гэнэтхэн хэдэн жилийн өмнө
-Бар умдагандаа гижигтэй юм гэдэг шүү! гээд тас тасхийтэл инээсэн Дилав хутагт санаанд нь орж, нөгөө нүүрэн дээр байгаа Барын умдгийг учиргүй маажтал өнөөх бар том буугаар буудуулсан мэт гэнэт харайн бараа сураггүй алга болоод өгч. Тэрбээр,
-Би л сүсэггүй, билгийн нүдгүй амьтан болохоороо Дилав хутагтын тухай муу юм бодож нүгэл хураасан байж. Чухам тэр бараалхах үед Их Хутагт миний ирээдүйд тохиолдох тэр аймшигт явдлыг илт хараад тэрхүү барын умдгийг гижигдвэл л амьд гарна гэдгийг мэдэж байж дээ гэж санах болсон. Үс өрвийлгөсөн тэр аймшгийг санах бүрийд л би Дилав хутагтыг сүсэглэн залбирдаг юм. Хожмоо 1962 онд Жамбалдоржийг хутагтыг асрахаар дуудагдан Америкаас явахад хадаг, хэдэн дойлуур, өөрийн бичсэн "Мил Богдын намтар” өгч явуулсан даа.
Ямартаа ч манай монголчууд "Хувилгаан гэсэн хүн, Рашаан гэсэн ус хоёр бусдаас арай ондоо” гэдэг байхав дээ. Би л тэнэгтээ сүсэг алдсан болохоос бус бүр 1952 онд Балбын Брейпүг уулын аманд надад тохиолдох явдлыг урьдчилан хараад амь гарах ганцхан аргыг заасан нь тэр байж дээ. Чухамдаа бар умдагандаа гижигтэй ч юм уу, гижиггүй ч юм уу, хэн мэдэх юм бэ? молхи толхи надад тааруулан айлдсан айлдвар байсан биз ээ. Бурхан минь хэмээн хүүрнэж билээ.
Лувсанчүлтэм гуай 1972 онд эх орондоо эргэж ирэхэд нь Гандантэгчэнлин хийд баяртайгаар хүлээн авч 4 ханатай, өвч хэрэглэлтэй, төмөр дээвэртэй хөөрхөн жижиг гэр төхөөрч хийдийн баруун талын асартай хаалганы баруун хойт талд байх Цэвэгмид унзадын хашаанд барьж өгсөн бөгөед тэрбээр бадарчин явахдаа, Энэтхэгт суурьшин суухдаа Энэтхэг-Ази судлалын академи буюу манай дорно дахиныг судлагч эрдэмтдийн нэрлэдгээр Рагу Вира-гийн институтэд хэвлэх номын эх бэлтгэж байсан ховор сайхан авьяасаараа Монголд ганцхан хувь Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж, уншигдаж, сэвтэж байдаг 108 боть "Алтан ганжуур”-ыг сэлбэж бичсээр байгаад суугаагаараа таалал барж, түүнийг нь үргэлжлүүлэн манай халзан Сэрээтэр гуай бүрнээр нь дуусгасан их буянтнууд билээ.
Лувсанчүлтэм гуайг Энэтхэгийн нийслэл Дели хотноо амьдарч Энэтхэг судлалын академид ажиллах байх тэр үед нь Энэтхэгт сурах манай анхны оюутнууд очиж танилцсан байдаг юм. Тэдгээр нь нэрт угсаатны зүйч, хөгжим судлаач урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа гуай, "Үнэн” сонин болон мэдээллийн хэрэгслийн нэрт тоймч, олон улсын сэтгүүлч Нямсүрэн гуай, Монголын ууган дипломатчидын нэгэн нэрт орчуулагч, зохиолч, олон улсын эрх зүйн томоохон мэргэжилтэн Ж.Гэндэндарам гуай нар болой.
Гэндэндарам гуайн "Авгай ханангийн цуурай” номд орсон "Аймшиг” гэдэг өгүүллэгт Чүлтэм өвгөн хэмээн дурьдагдсан хүн манай Лувсанчүлтэм гуай мөн бөлгөө.
Шаравын Чулуунбаатар