Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өрсөлдөгчид Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар албан ёсоор эрхээ баталгаажуулав. Энэхүү арга хэмжээнд нэр дэвшигчид ач холбогдол өгөхийн зэрэгцээ гурван намын төлөөлөл болсон гишүүд, дэмжигчид ирсэн нь амралтын өдрийн содон хийгээд сонирхолтой үйл явдлын нэг байв.
Гэхдээ үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн эрхмүүд үнэмлэхээ гардан авсныхаа дараа олон нийтэд хандаж үг хэлэх нь хамгийн чухал байдаг. Тунхаг төдий гэхээсээ сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хөшгөө нээхээс эхлээд бусад нэр дэвшигчтэйгээ өрсөлдөх бодлогоо тодорхойлох, улс орныхоо өчигдөр, өнөөдөр, маргаашийг илтгэдэг болохоор үг хэлэх хэсэг хором хамгийн гол ажлынх нь нэг болж байдаг. Бусад орноос жишээ татахад АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама манлайллын шинэ эрин ирсэн тухай ярьж, Жорж Буш зоримог урагшлах шаардлагын тухай илтгэж байсан нь үүний илрэл. Тэдний нэр дэвших эрхээ баталгаажуулах үеэр хэлсэн үг хожим Цагаан ордны баримтлах бодлого болж, улс орон, нийгэм эдийн засгаа чиглүүлж явсан нь саяхны л үйл явдал. Эндээс нэр дэвшигчдийн хэлсэн үг ямар хүчтэй, бас нийгэмд нөлөөтэйг төвөггүйхэн ойлгож болохоор. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа хэрхэн төлөвлөж, улс орныхоо хөгжлийг ямар зүгт залууцахаар тооцоолсныг хэлсэн үгээс нь тоймлох гээд үзье.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон М.Энхболдын хувьд монголчууд эв нэгдэлтэй байхыг чухалжилж буйгаа онцолсон. Тэрбээр "Монголчуудын түүхийг сөхвөөс эе эвдрэлцэж явсан үедээ эрч хүч суларч, эрдэм оюун нь ээдэрч явсан сургамжтай. Иймийн учир өнгөрсөн жилүүдийн уруудсан, доройтсон, хагарсан бүгдэд цэг тавих сонгууль болно” хэмээн онцлов. Мөн эв нэгдэлгүй, хагарч бутарсан үедээ бид улс орныхоо амин чухал асуудлыг нийтийн эрх ашгийн тулд шийдвэрлэх бус зарим бүлэг, хэсэгт талцан бутарч, тэдгээрийн эрх ашгийн төлөөх эцэсгүй тулаанд тэмцэлдсээр таарч байна. Эрдэс баялгаа ашиглаж урагшлах эдийн засгийн томоохон шийдвэрүүдээ өнөөг хүртэл гаргаж чадалгүй, олон боломжийг алдаж энэ зуурт алдаа гаргаж, ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадалгүй өнөөг хүргэсэн нь биднийг гадна, дотнын байгууллагаас тусламж эрэлхийлэхээс аргагүй байдалд хүргэлээ. Ямартай ч, үеийн үед улс орны хүнд, хэцүү үед төрийн эрхийг барьж ухрах шахам зогсч байсан зүтгүүрийг ногоон гэрлээр урагшлуулж ирсэн МАН-ын хувьд энэ удаад сайн цаг ирнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа. Энэ сайн цагийг аль болох богино хугацаанд ирүүлэхийн төлөө сонгуульд бид ялах ёстой гэдгээ мэдэгдсэн юм.
Анзаарсан бол МАН-аас нэр дэвшигчийн хэлсэн үг бүрийн цаана эв нэгдэл хамгийн чухал гэсэн санааг илэрхийлсэн нь зүгээр ч нэг тохиол биш болов уу. Харин монголчууд бүхий л асуудалд эв нэгдэлтэй байхын хэрээр нэгдмэл хүч, сэтгэл, зүтгэл шаардлагатай буйг онцолсон хэрэг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд дарга эв нэгдэл рүү чиглэсэн, нэгдмэл хүчээр урагшлах зорилгыг сонгуулийнхаа гол кампаниа болгох нь.
Х.БАТТУЛГА ХИЙГЭЭД ТАШУУР
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардахдаа хагас цаг орчим саатаж ирсэн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд маш товч, тодорхой өгүүлбэр хэлнэ лээ. Тэрбээр "Олуулаа байна, та нарыг харах сайхан байна” хэмээн намын гишүүд, дэмжигчдээ хандан хэлсэн нь одоогийн Еренхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргаж байсан уриалгатай агаар нэг сонсогдов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд "Олуулаа болцгооё” гэсэн уриалга гаргаж байсан удаатай. Харин энэ удаад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга түүний уриалгыг шүүрэн авч үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлсэн нь энэ байж болох. Цаашлаад нэр дэвшигч Х.Баттулга "Бидэнд эгэл ардууд байна, ардчилагчид байна” хэмээн үргэлжлүүлсэн нь зарим талаар байгаа оносонгүй. Сонгуулийн дараалсан ялагдлаас үүдэн АН-д шинэчлэлийн салхи оруулах хөдөлгөөн өрнөж, өдгөөг хүртэл үргэлжилж буй талаар намын дарга С.Эрдэнэ үе үехэн тодотгодог. Гэвч бодит байдал, шинэчлэл нэрийн дор өрнүүлсэн АН-ын дотоод сонгуулийн үр дүн ардчиллыг өмчирхөх дуртай эрхмүүдийг хэдэн тийш хагалан, бутаргасан нь энэ намын үзэл баримтлалын хувьд нэгдмэл чанаргүй, түүнийхээ төлөө нэгдэх зорилгогүй болгоод байгаа нь нууц биш.
Сонирхолтой нь, АН-ын даргын сунгааны үеэр намын экс дарга З.Энхболд таван нэр дэвшигчид эвийн бэлгэдэл болгож тус бүр нэжгээд сум гардуулж байсан бол энэ удаад ташуур болон өөрчлөгдсөн нь өвөрмөц үйл явдал болов. Магадгүй улсын жолоог чангахан атгаж, ард иргэдээ ташуурдан урагшлахын бэлгэдэл гэж уг санааг нь ойлгож болох ч босго өндөр төрийн тэргүүнд дэвших эрхээ авахдаа хожимдож ирсэн Х.Баттулгад ташуур атгуулах бус өөрт нь хариуцлага нэмэх ташуур өгөх нь илүү оновчтой байж болох. Тэгээд ч "сумтай таван гар” болтлоо тодотголтой явсан АН-ын даргад нэр дэвшигчид багцалсан сум шигээ эвтэй байсан уу гэвэл үгүй. Эсрэгээрээ бие биесээ хэмлэсээр эцэстээ С.Эрдэнэ намын дарга болж асуудлыг намжаасан байдаг. Тэгэхээр намд нь өрнөсөн үйл явдал, бэлгэдэл талаас нь харвал АН-ынхан нэр дэвшигчдээ ташуур өгсөн нь тийм ч сайны дохио болохгүй л болов уу.
Бусад нэр дэвшигчийн адил гэр бүлийн хамт ирсэн ч үндэсний хувцсаараа гоёсон МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарын тухайд улс орныхоо өнөө цагийн төрхөнд ихээхэн бухимдалтай буйгаа илэрхийлсэн. Улмаар улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн нөхдөл байдалд санаа зовниж байгаагаа тодотгоод энэ бүхнийг залруулах төлөвлөгөө бий гэдгээ зарлав. Мөн одоогийн УИХ-ыг "барьцаалагдсан” хэмээгээд үйл ажиллагааг нь хазаарлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Гзхдээ нэр дэвшигч С.Ганбаатарын хэлсэн үгийн дийлэнх нь биелэх магадлал тун бага. Учир нь, тэр бол УИХ-д ганцхан төлөөлөлтэй МАХН-аас арайхийн нэр дэвших боломж атгасан нэгэн.
Нөгөө талаар Ерөнхийлөгчөөр сонгогдоод парламентынхаа үйл ажиллагааг хязгаарлах, хазаарлах эрхтэй болчихоно гэсэн үг биш. Яагаад гэвэл Монгол Улс бол парламентын засаглалтай. Тэр тусмаа парламент, Засгийн газрын үйл ажиллагааг нэг нам дангаараа, үнэмлэхүй олонхиороо хэрэгжүүлж байгаа үед төрийн тэргүүний зүгээс хэчнээн гайхалтай төсөл, төлөвлөгөө боловсруулаад энэ хоёр институцийнхаа дэмжлэгийг парламентын үйл ажиллагааг хазаарлах эрх төрийн тэргүүнд байхгүй гэсэн үг. Улс төр гадарладаг, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нь үнэн юм бол нэр дэвшигч С.Ганбаатар үүнийг эрх биш мэдэж таараа. Хачирхалтай нь, ард түмэнд гоё харагдахыг эрмэлзсэн үү эсвэл засаглалын энэхүү зарчмыг умартсан уу, ойлгохыг хүсээгүй юу тэрбээр энэ бүхнийг залруулахаа амлав. Хэрэвзээ С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчөер сонгогдлоо гэж бодоход үнэмлэхүй олонхийн парламенттай энэ цаг үед эсрэгээрээ тэр бэлгэдлийн төдий л үүрэгтэй нэгэн болж хувирах учиртай. Гэхдээ түүнийг хэлсэн үг, хэрэгжүүлэх ажил нь биелэх магадлал өнөөдөртөө тун бага харагдаж байна.
Тав дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд өрсөлдөх эрхээ баталгаажуулсан гурван нэр дэвшигчийн хэлсэн үгээс жишээ татан тоймлоход иймэрхүү дүр төрхтэйгөөр бууж байна. МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын хувьд монгол төрийн залгамж халааг үргэлжлүүлж, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эв нэгдлийг гол зарчмаа болгож, нэгдмэл хүчээр улсаараа урагшлахыг илүүд үзэхээ онцлов. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга одоогийн төрийн тэргүүний уриалгыг онцолсон ч намын нөхдийнх нь зүгээс ташуур гардуулсан нь эгээтэй л АН-ын дотоод сонгуулийн хэмжээний сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэх шиг боллоо. Эхнээсээ бухимдаж буйгаа илэрхийлж, түүгээрээ үгээ дуусгасан нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд олон нийтээс оноо цуглуулах гэж оролдсон ч эцэстээ өөрөө түүндээ ороогдсон нь улс төрийн хоржоонтой үйл явдлын нэгээр тодорч байна.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/