|

Монголын иргэний нисэхийн салбарт Турк, Солонгос хоёр дайтаж байна уу?

Монголын иргэний нисэхийн салбарт Турк, Солонгос хоёр дайтаж байна уу?МИАТ ТӨХК-ийн захирал асан Г.Жаргалсайхан Зам тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т шалгуулахаар өргөдөл гаргахдаа хоёр асуудалтай холбогдуулан онцлон шалгаж өгөхийг хүсчээ. Нэгдүгээрх нь, Зам тээврийн сайд М.Зоригтыг 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хотын банкны данс дахь төгрөгийг өөрийн хувьцаа эзэмшиж буй Голомт банкны дансанд шилжүүлэхийг өөрөө болон бусдаар дамжуулж, тулган шаардаж шилжүүлснийг онцлон шалгаж өгөхийг хүссэн. Хоёрдугаарт, Монгол, Турк хоёр улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга нарын 2012 онд байгуулсан "Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг зөрчиж, МИАТ ХК-ийн эрх ашгийг үл ойшоон "Турк Эйрлайнс” компанийн эрх ашгийг хангасан заалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыг тулган шаардсан асуудлыг шалгуулахыг хүсчээ.

Ингэхдээ "Далайд гарцгүй манай орны хувьд Агаарын тээврийн салбар нь стратегийн чухал ач холбогдолтой тул Үндэсний эрх ашгийг үл ойшоон албаны эрх мэдлээ хэтрүүлж буй үйлдлийг шалган тогтоож өгөхийг хүсье” хэмээсэн байна.

Үүнтэй зэрэгцэн бас нэгэн мэдээлэл цацагдсан нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс, Турк улсын хооронд иргэд харилцан 90 хоног визгүй зорчих хэлэлцээрийг цуцлах талаар Монголд суугаа тус улсын Элчин сайдтай ярилцсан тухай байв. Эл хоёр үйл явдал хоорондоо хамааралтай, эсвэл зөрчилтэй эсэхийг энд хөндөхийг түр азная.

Туркиш Эйрлайнс хаанаас гараад ирэв?

1933 онд Турк улсын төрийн өмчийг оролцуулан тавхан онгоцтой байгуулагдсан агаарын тээврийн компани өнөөдрийг хүртэл өргөжин тэлсээр дэлхийн 282 чиглэлд 298 онгоцоор нислэг үйлддэг аварга том групп болон өндийжээ. Энэ компани сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбарт огцом хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсний нууц нь Туркийн төр засгаас онцгой дэмжлэг хүлээдэг явдал.

АНУ-ын "Виржин Америка”, "Америка Эйрвэйс”, Их Британийн "Бритиш Эйрвэйс” болон Германы "Луфтанса” зэрэг өрнөдийн топ авиа компаниуд түүх болон үлдэх гунигт ирээдүйг дэлхийн агаарын тээврийн зах зээлийг булаан эзлэж байгаа Ойрхи Дорнодын нислэгийн компаниуд өршөөлгүй бичсээр байгаа. Тэдний дундаас Туркиш Эйрлайнс яах аргагүй сүүлийн жилүүдэд огцом өндөр амжилт үзүүлж байгаа нь 2014 онд дэлхийн топ авиа компаниудын жагсаалтад тавдугаарт, 2015 онд дөрөвдүгээрт бичигдсэн нь батална.

"Туркиш Эйрлайнс” яагаад богино хугацааны дотор бусдын хийж чадаагүйг хийгээд байгаагийн учрыг өрсөлдөгч нар нь түрэмгий бөгөөд зальжин маркетинг хэмээн тодорхойлдог аж. Энэ компанийн сурталчилгаанд дэлхийн супер одод болох Лионель Месси, Коби Брайнт нар тоглодгийг ихэнх хүмүүс сайн мэдэх байх.

Өмнөд Солонгосын од PSY-ийн Ганнам стайл дууны клипийг Youtube-ийн сүлжээнд 20 сая хүн 30 хоногт үзсэн бол Туркиш Эйрлайнсын Месси, Коби Брайнт нарын тоглосон цуврал сурталчилгаа ердөө дөрөв хоногийн дотор 20 сая үзэгч цуглуулж чаджээ. Ийм хүчирхэг маркетинг хэрэгжүүлэхээс гадна өөрийн үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшний нөлөө бүхий хүмүүсийг татан оролцуулж чаддаг онцгой арга нь Туркийн иргэний агаарын тээврийн энэ компанийг дэлхийн шилдэгт багтааж чаджээ. Америкийн авиа компаниуд хүртэл "Туркиш”-ээс айж эмээхдээ Төрийн Департаментдаа хандан тусгай бодлогоор үндэсний компаниудаа дэмжээч хэмээн гуйжээ. Хүчирхэг гүрний олон жилийн түүхтэй компаниуд ингэж хандаж байхад жижиг орнуудын зах зээлийг эзлэх нь "Туркиш Эйрлайнс”-т тоглоом л гэсэн үг биз ээ. Тухайлбал сүүлийн үед Гүржийн иргэний нисэхийн салбарыг жишээ татан бичдэг болжээ. Гүрж рүү нислэг үйлдэх бүх хязгаарлалтуудыг нэг л өдөр байхгүй болгож үүний үр дүнд гадаадын тээвэрлэгч нараас Туркийн компани л хамгийн их идэвхжиж Стамбулаас нислэгийн тоог даруй нэмж өргөжүүлсэн байна. Мэдээж хэрэг том компанийн үйлчилгээ, урамшуулал, маркетингийн довтолгоонуудыг Гүржийн дотоодын компаниуд сөрөн зогсож чадалгүй 17 авиа компаниас гурав нь л зах зээлд үлдсэн байна.

Тэд яагаад Монголын зах зээл рүү тэмүүлэв?

Энэ компани жилдээ 30 сая хүнийг дэлхийн өнцөг булан бүрээс тээвэрлэхдээ Стамбул хотын онгоцны буудлыг хамгийн шилдэг дамжин өнгөрөх цэг болгох үүргээ гайхалтай сайн гүйцэтгэдэг. 2012 оноос Монголтой албан ёсоор холбогдож эхэлсэн "Туркиш Эйрлайнс” манай улсад ойрын үед үйл ажиллагаагаа өргөжүүлэх шинжтэй. Үүнийг Зам, тээврийн сайдыг АТГ-т өгсөн МИАТ-ийн экс захирлын өргөдлөөр ч тодорхойлох албагүй. Хүссэн хүсээгүй "Туркиш Эйрлайнс” зах зээлийн зарчмаа дагаад ганц Монгол төдийгүй манайхтай төстэй хөгжилтэй, ойролцоо улс орнуудын иргэний агаарын тээврийн орон зайг эзлэхээр тэмүүлж байгаа.

Энэ бол хууль бус юм огт биш, нууц ч байхгүй зах зээлийн зарчим юм. Тэгвэл Монгол руу тэмүүлсэн дэлхийн аварга том авиа компани эрх ашгийг нь хамгаалж явах улстөрчөө олсон болов уу. Магадгүй тэр улстөрч нь М.Зоригт биш биз? Энэ асуултад яг тийм гэж хариулах хүн нь одоохондоо АТГ-т өргөдөл гаргасан гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан.

М.Зоригтыг хардвал…

Г.Жаргалсайханыхаар бол М.Зоригт сайд МИАТ-ийн эрх ашгийг үл ойшоон "Туркиш Эйрлайнс”-ийн эрх ашгийг хангасан заалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыг тулган шаардсан гэж байгаа. Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь стратегийн чухал ач холбогдолтой тул үндэсний эрх ашгийг үл ойшоон албаны эрх мэдлээ хэтрүүлж буй үйлдлийг шалган тогтоож өгөхийг хүсье хэмээн хуулийн байгууллагад хандчихаад байгаа.

Нэгэн цагт М.Зоригтын үүсгэн байгуулалцаж байсан "Аэро Монголиа” компани өнөөдөр "Хүннү Айр” нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа гэх. Энэ сэжмээр иргэний нисэхийн салбарт бизнесийн оролцоотой байж болзошгүй М.Зоригт МИАТ ХК-тай ямар харилцаа үүсгэх вэ. Төрийн сайдын зүгээс МИАТ-ийн ирээдүйд санаа тавих ёстой боловч өөр дурангаар харвал өрсөлдөгчийн хувиар МИАТ-ийг харахаас аргагүй. Ийм ч учраас Г.Жаргалсайхан хэмээх МИАТ-ийн хуучин захиралтай түнжин хагарчихаад байж мэдэх л юм.

Дараагийн хардалт

Саяхан М.Зоригт гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "МИАТ-ийг хувьчлаад, үнэгүйдүүлээд авчихъя гэсэн мянган цуглуулга явдаг. Зам тээврийн сайдын хувьд ч, зам тээврийн бодлогын үндсэн чиглэл ч МИАТ компанийг хувьчилж болохгүй гэж үздэг. Тийм учраас яамны бодлогын түвшинд МИАТ-ийн 51-ээс доошгүй хувийг концессын зүйлийн жагсаалтад менежментээр өгөх асуудлыг шийдүүлнэ. Ондоо багтаагаад шийдэхийг зорьж байгаа. Жил хүрэхгүй хугацааны дараа МИАТ-ийг эрх хүүхэд шиг угжаад явдгаа болино” хэмээн ярьжээ. МИАТ-ийг хувьчилж болохгүй, гэхдээ 51-ээс доошгүй хувийг нь концессоор "өгнө” гэжээ. Хоёр үзүүртэй зүү шиг энэ үгэнд М.Зоригт сайдын ойрын үед зорьж байгаа ажил нь МИАТ-ийн 51 хувийг "өгөх” гэж харж болохоор байна. МИАТ-ийг угжнаас гаргачихвал лав зах зээлээс шахахад хялбар болно. Зах зээлийн өрсөлдөөнд оруулах, бэлэнчлэх сэтгэлгээнээс нь салгах нэрийдлийн дор МИАТ нэр төдий компани болж үлдэх нь төрийн сайдад ашигтай байна гэж үү? Эсвэл сайдын ард баадууны түлхүүр чангалж суугаа улс төр бизнесийн "маш нууц” бүлэглэл байна уу?

Удаах хардалт

     МИАТ-ийн экс захирлыг сайд нь "Туркиш Эйрлайнс”-тай гэрээ хий хэмээн шахаж, шаардаад байсан нь үнэн юм бол туркууд аварга авиа компанийнхаа ашиг сонирхлыг хамгаалах хүнээ маш оновчтой сонгосон байна гэмээр. Гүржид экс ерөнхийлөгч Саакашвили гэх том тулыг шидсэн торондоо оруулж дөнгөсөн туркууд Монголын жараахайг барих юухан байхав.

Г.Жаргалсайхан "Зам тээврийн сайд М.Зоригт Туркиш Эйрлайнсийн гэрээнд гарын үсэг зур гэсэн шахалт үзүүлсэн. "Монгол, Турк хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Туркиш Эрлайнс Монгол руу, МИАТ Турк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрхтэй, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй. Гэтэл Туркиш Эрлайнсийнхан долоо хоногт хийх нислэгээ тав болгоё, онгоцоо томруулъя гэх санал тавьсан. Монголд ашиггүй гэрээ хийх эрхгүй гэдэг үүднээс асуудалд хандсан” хэмээжээ.

Харин М.Зоригт "Хөшигийн хөндий 2017 оны нэгдүгээр сарын 7-нд ашиглалтад орж, тууз хайчилна. Жилийн дараа гэсэн үг. Бид Японоос таван тэрбум ам.долларын зээл авсан. Энэ зээлийг авахдаа хэд хэдэн үүрэг хариуцлага хүлээсэн. Тухайлбал, нэгдүгээрт зээлээ буцааж төлөх ёстой. Зээлээ буцааж төлөх эдийн засгийн суурь нөхцөлөө бүрдүүлэхийн тулд Хөшигийн хөндийн буудал ашиглалтад орсон өдрөөс "Чингис хаан” нисэх буудлыг нисэх буудлын зориулалтаар ашиглахгүй. Хоёр нисэх буудал дээр орлого хуваагдах эрсдэлтэй учраас тэр. Хоёрдугаарт, "МИАТ”-ээс өөр компани нисэхгүй гээд тэврээд хэвтээд байдаг сэтгэлгээг задлах хэрэгтэй. Тэгж байж олон улсын нислэг бууж, суудаг, явдаг болно” гэжээ.

Г.Жаргалсайханы энэ хардлагыг япончуудад эргүүлж төлөх 5 тэрбум долларын эргэн төлөлтөө л сайд нь бодож шаналаад "Туркиш Эйрлайнс”-ийг оруулъя гэсэн юм байна хэмээн цайруулж болох л юм. Гэхдээ нэг асуудал дээр хоёр үнэн хэзээ ч байдаггүй билээ.

Туркууд ба солонгосчуудын тулаан

М.Зоригт сайдын ярианаас нэг зүйлийг анзаарч болно. Тэрээр Кориан Эйрлайнс буюу KAL компани манайд давуу эрхтэй байдагт дургүй. Түүнийхээр бол Монголын агаарын тээврийн зах зээлд солонгос болон туркууд тулалдаад байгаа гэнэ. Үүнийгээ тэрээр МИАТ-тэй холбон тайлбарлажээ. "МИАТ Монгол Улс гэсэн "малгай”-тай боловч цаанаа Солонгосын "KAL” /Korean Airlines/ гэж авиакомпанийн ашиг сонирхлын, тэдний эрх ашгийн төлөө захиалгаар хийсэн л бодлого мэт уншигдаад байгаа юм. Өнөөдөр Монголын иргэний агаарын тээврийн орон зай бол зөвхөн "KAL”-д үйлчилж байгаа. Туркийн авиакомпанийн бодитой аюул гэж байхгүй, Солонгосын "KAL”-ын асуудал л бий. Гуравхан онгоцтой МИАТ туркуудтэй тулалдаад байгаа юм биш. Олон зуун онгоцтой Солонгосын "KAL” болон "Turkish Airlines” хоёр Монголын зах зээл дээр тулалдаад байгаа юм. Гадаадын энэ хоёр том компани Монголд ирээд ашиг сонирхол нь зөрчилдөж, үүндээ манайхныг хутгаад байгаа асуудал л бий” хэмээн М.Зоригт өгүүлжээ.

Г.Жаргалсайхан туркуудээс эмээж, М.Зоригт солонгосчуудад таагүй ханджээ. Тэгвэл энэ өгүүлбэрийг тонгоруулж ойлговол М.Зоригт туркуудын талд Г.Жаргалсайхан нь солонгосчуудын эрх ашгийг тус тус хамгаалаад хоорондоо үзэлцээд байна уу даа гэмээр.  Гадаадын хоёр том компани ашиг сонирхлын зөрчилдөө манайхныг хутгаад байна хэмээн сайд шууд хэлчихсэн л байна. Тэгэхээр хутгаж байгаа эзэд нь тодорхой юм бол хутгуур нь хэн байж таарах вэ? Сэдэв дагасан асуудлыг нөгөө тал руу нь эргүүлж унших гэж оролдъё.

Солонгосчуудын "хутгуур” Г.Жаргалсайхан уу

Г.Жаргалсайхан KAЛ-ийн эрх ашгийг хамгаалдаг гэж үү. Г.Жаргалсайхан KAЛ-ийн талаар дурдахдаа "Мэдээж олон авиа компанитай байх нь сайн талтай ч зах зээл үүнийг дааж чадах уу гэдэгт гол асуудал байгаа юм. КАЛ, МИАТ хоёр монополь болчихлоо, бусдыг нь оруулдаггүй гээд бөөн шүүмжлэл дагуулдаг шүү дээ. КАЛ-тай гэрээ хэлцэл хийхэд зорчигчдын урсгал бага байсан. Төр засгийнхан сууж байгаад л шийдчихсэн. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулж эсвэл тэднээс саналыг нь аваагүй. Хүч тэнцвэргүй гэрээ хэлцэл хийчихсэн. Үүнээс нь болж МИАТ ямар их дарамтад байв. Өмнө нь бид гадаадын авиа компанийг оруулж хэлэлцээр хийхдээ алдсан зүйл бас бий. Үүнээсээ ч сургамж авах хэрэгтэй” хэмээжээ.

КАЛ байсаар байхад дахиад КАЛ шиг том авиа компанийг зах зээл даах уу гэсэн санааг цухалзуулжээ. Олон жил МИАТ-ийн удирдлагууд КАЛ-тай хэл үгээ ололцоод амар жимэр явж ирснийг бодолцвол хоосонгүй л хардлага болов уу гэмээр. Ер нь МИАТ-т Боинг онгоц худалдан авахдаа Г.Жаргалсайхан Туркийн Экзим банкнаас зээл авсныг ч санах ёстой. Г.Жаргалсайханд зээл өгсөн туркчууд гар бариад бугуйг нь барих гэж оролдсон ч байж мэдэх. Ашиг сонирхлын зөрчил хэмээх тавцанд тулалдагсдын ийм хувилбар байж болох.

Муу юманд сурцтай монголчууд

Орчин үед зэвсгээр биш мэдээллээр дайтдаг болсон тухай бид ярьж бичсээр. Монголчууд өөрсдөө ч мэдээллийн хэрэгслээр, далд утга агуулгатай, тонгорогныхоо ирийг нуусан мэт контентуудыг бэлтгэж дайтдаг болж. Муу юмандаа адтай ч гэдэг.

Бидний хөндөж байгаа энэ сэдвээр ч хангалттай мэдээллийн тулаан өрнөж байна. Саяхан Форбес сэтгүүл "Туркиш Эйрлайнс” хэрхэн Гүржийн агаарын тээврийн зах зээлийг эзэлсэн тухай, тус улсын авиа компаниуд яаж шахагдаж дампуурсан тухай нийтлэл гаргажээ. Тэнд дурдсанаар бол Гүржийн ерөнхийлөгч асан Саакашивил Туркуудын ашиг сонирхлыг төлөөлж улсынхаа авиа компаниудыг дампууруулах замд хөтөлсөн байгаа юм. Ингээд Гүржээс хөөгдсөн Саакашвили Украины Одесс мужийн захирагч болохдоо ч энэ санаагаа давтахаар оролдож. Гэхдээ бүтээгүй бололтой. Манайхан ч адтай юм хойно яг энэ нийтлэлээр жишээ татаж Туркийн авиа компани МИАТ-ийг хэрхэн сүйрүүлж Монголын агаарын зах зээлийг эзлэх аюулыг зөгнөж "Туркиш Эйрлайнсийн дараагийн бай нь Монгол уу” хэмээх нийтлэлийг онлайнаар гайхалтай гэмээр тархааж чадав.

Гэтэл үүнийг Г.Жаргалсайхан захирал ярилцлагадаа жишээ болгон дурдсаар л. Түүний ярьснаар Украины нисэхийн салбарыг нохойн замаар оруулахыг санаархсан сайд нь Саакашвили рүү стакантай ус шиджээ. Одоо М.Зоригт руу стакантай ус шидэх хэрэгтэй л гээд байх шиг. Гэтэл үнэн хэрэгтээ Одессын захирагч Саакашвили болон Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков нар Одессын боомтын заводыг хэн нь хянах тухай асуудлаас болж муудалцжээ. Саакашвили үг хэлж байхдаа "Украины сайд нарын танхим бол хулгайчдын танхим” гэжээ. Аваков уурандаа "бе бе бе” гэж өөрийг нь доромжлоход Саакашвили жинхэнээсээ уурлан элдвээр харааж зандрахад Дотоод хэргийн сайд тэсэлгүй ширээн дээр байгаа стакантай усаа аваад шидчихсэн юм. Гүржид байхдаа бол яах аргагүй "Туркиш Эйрлайнс”-тай холбоотой нь батлагдсан ч яг стаканаар шидүүлсэн хурал дээрээ Саакашвил нисэхийн салбартай холбоотой юм яриагүй аж.

Үүнийг манайхан овжноор ашиглаж чаджээ. Тэгвэл энэ мэдээллийг зохион байгуулалттайгаар бэлтгэж цацах нь хэнд ашигтай, хэнд ашиггүй вэ? Мэдээж хэрэг энэ нийтлэлээр туркуудыг оруулж ирэх гээд байгаа М.Зоригт сайд гэмтэн болж харагдана, харин Г.Жаргалсайхан Аваковын дүрд тохирох юм.

Мэдээлэл зохион байгуулалттайгаар цацагдаад ирвэл ардаа ямар нэгэн "маш том нууц” бүлэглэл байх нь дамжиггүй. Тэгвэл Г.Жаргалсайхан хэний хүн юм бэ, гавьяат нисгэгчийн ард хэн түүнийг М.Зоригтын эсрэг нохойд барьдаг мод болгоод байгаа хэрэг вэ гэх асуулт ургана.

Сайхан асуулт. Одоогоор үүний хариуг олоход хэцүү.

Лав М.Зоригтын эсрэг, сайдын хийж байгаа үг үйлдэл таалагдахгүй байгаа хүмүүс, магадгүй өөрийнх нь ярьснаар МИАТ-тэй ашиг сонирхлын гинжин холбоогоор муухай гэгч нь холбогдсон КАЛ-ынхан байж мэдэх. КАЛ-аас ч наана нь тэдний утсан хүүхэлдэй болсон улстөрчид зогсож байхыг үгүйсгэхгүй. Гэх мэтээр эцэс төгсгөлгүй хардлага, сэжүүр сэжмүүдийг замчлан унших нь сонирхолтой ч байж мэднэ. Цаад үзүүрт нь жинхэнэ үнэн ганц байж тэр нь Монгол Улсын эрх ашигт хортойгоор нөлөөлөөгүй л байгаасай гэж хүсье.

Эх сурвалж: Politik.mn