|

Манайтай хамтрах нь ОХУ-ын дорнын орон руу чиглэсэн ГАДААД БОДЛОГЫН чухал хэсэг юм

Манайтай хамтрах нь ОХУ-ын дорнын орон руу чиглэсэн ГАДААД БОДЛОГЫН чухал хэсэг юм

 

Оросын Стратеги судлалын Институтийн Төв Ази ба Ази-Номхон далайн бүс нутгийн удирдагч, түүхийн ухааны доктор Константин Анатольевич Кокарев

Өнөөгийн улс төрийн нөхцөлд Орос улс дорно зүг улам бүр итгэлтэйгээр эргэж байна. Оросын дорнод бүс дэх асар их нөөц баялгийг харгалзан үзвэл, Ази болон Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах нь манай улсын эдийн засаг, аюулгүй байдлын стратегийн хувьд чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Үүний зэрэгцээ Азийн орнууд, том, жижиг ялгаагүй, барууны орнуудын хэдэн арван жил ашиглаж ирсэн  манай улстай харьцах харьцааны давуу талыг ашиглах боломжтой болж байна. Ялангуяа Хятад улс нөхцөл байдлыг түргэн ойлгож, шийдвэртэй ашигласан юм.

2014 оны тавдугаар сард Хятад улс Оросын байгалийн хийг 30 жилийн туршид, 400 тэрбум доллараар Хятадад нийлүүлэх гэрээг ОХУ-тай байгуулж, гарын үсэг зуржээ.

2014 оны 10-11 сард ОХУ, БНХАУ нь үйлдвэрлэлийн болон шинжлэх ухааны судалгааны чиглэлээр хамтран ажиллах олон гэрээ хэлэлцээр байгуулав.

2020 он гэхэд хоёр орны худалдааны бараа эргэлт 200 тэрбумаас доошгүй байх болно. Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжээгүй  Энэтхэг, Өмнөд Солонгос болон АСЕАН-ы хэд хэдэн орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. Бусад улсууд, түүний дотор Монгол улс нь ОХУ-тай харилцааг эрчимжүүлж, үр бүтээлтэй ажиллахаас гагцхүү хожих болно.

Энэ чиглэлд гарсан ахиц дэвшлийг дэмжсэн чухал баримт бичиг бол жил бүр холбооны төсвөөс 100-110 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх "2025 он хүртэлх Алс Дорнод ба Байгаль нуурын бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр” болох юм.

Өнөөдөр өрнөдийн түншүүд ОХУ-аас нүүрээ буруулж байгаа нь Оросын олон компаниуд, томоохон хөрөнгө оруулагчдад  дорнын чиглэлийг идэвхжүүлэхэд таатай боломж болж байна. Энд зөвхөн эрчим хүч, тээвэр-логистикийн дэд бүтцийн талаар яриад зогсохгүй,  нисэх хүчин, сансарт нисэх гэх мэтчилэн өндөр технологийн үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааны тухай ярьж болно.

Монгол дахь ОХУ-ын ашиг сонирхол нь эргэлзээгүй стратегийн чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн болон одоогийн түүхээс үзэхэд  энэ оронд  гарч байгаа томхон өөрчлөлтүүд Зүүн хойд Азид гарч байгаа өөрчлөлтийн адилаар Оросын зүй ёсны анхаарал, хариу үйлдлийг шаардаж байсан, одоо ч шаардаж байна. Тиймээс Орос-Монголын харилцааг ОХУ-ын гадаад бодлогын дорнод руу хандах хандлагын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Энэ тухай Оросын дорнод бүс нутгийн боломж, давуу талд тулгуурлан улс орны улс төр-эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэхэд чиглэсэн ОХУ-ын Гадаад бодлогын үзэл баримтлалд онцлон заасан  бөгөөд энэ оны 9-р сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монголд айлчлах үеэрээ ярьсан юм.

Бид өнөөдрийн Монголыг хэрхэн харж байна вэ? Энэ улс бол иргэншлийн угшил нь эрт дээр үеэс эхэлсэн чухаг нандин түүхтэй, өвөрмөц соёлтой орон билээ. Монгол улс Азийн тивд гео стратеги, геополитикийн онцгой байр суурь эзэлдэг. Тус орны өнөөгийн оволзож байгаа улс төрийн амьдралын хувьд  Монголын төр засгийн ардчилсан суурийг тавих, улс орны эдийн засгийн хөгжлийн оновчтой арга замыг эрэлхийлэх, дэлхийн олон улс оронтой харилцаагаа бүрэн хөгжүүлэх арга замыг хайх явц үргэлжилсээр байна.

Монгол нь байгалийн нөөц баялаг ихтэй юм. Нүүрс  162,3 тэрбум тонн, зэс – 45 сая тонн (ихээр нэмэгдэх хэтийн төлөвтэй), уран – 75 мянган тонн, газрын тос – 119 сая тонн гэх мэт. Эдийн засгийн жилийн өсөлт нь 10 хувиас дээш байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр  2013 онд эдийн засгийн өсөлт нь 17.5% байжээ. Өнгөрсөн жил (2013) дотоодын нийт бүтээгдэхүүн нь 11.4 тэрбум доллар болсон байна. Ашигт малтмалын томоохон ордуудыг хөгжүүлэх одоогийн төлөвлөгөө нь нийт үйлдвэрлэлийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн хурдыг өсгөх бололцоотой юм.

Үүний зэрэгцээ орчин үеийн нөхцөл байдалд Орос-Монголын эдийн засгийн харилцаа нь Орос, Монголын хоорондох харилцааны стратегийн ач холбогдол, хоёр орны боломжид тохирохгүй, доогуур түвшинд байна.

2010 онд Монголын ОХУ-тай хийсэн гадаад худалдааны хэмжээ 18.4% (Хятад улсын хувь-56.2%), 2011 онд 15% байсан бол 2010 онд Оросоос Монголд хийсэн экспортын хэмжээ 2.8% (Хятадынх -84.7%) байлаа. ОХУ-аас нефть бүтээгдэхүүн (хоёр орны нийт худалдааны 60%), машин үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсантай холбоотойгоор манай орны худалдааны эргэлт буурч байна.

Хэрэв 2010 онд Монголын Оросоос авсан импортын бүтээгдэхүүн 32,7% (хятадын бүтээгдэхүүн – 30,3%) эзэлж байсан бол одоо үед Хятадын барааны импортын хэмжээ ОХУ-аас хамаагүй их байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ю.В. Ушаковын хэлснээр "Сүүлийн жилүүдэд худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь хэт тайван, тэр ч байтугай бага зэргийн сөрөг хандлагатай байгаа ч гэсэн Орос нь Монголын гадаад худалдаанд Хятадын дараа хоёрдугаар байранд орж байгаа юм”.

Өнөөдөр Монголд нийлүүлдэг ОХУ-ын бараа таваар нь ихэвчлэн газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнээр  хязгаарлагдаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 2020 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүнийг үндсэндээ өөрөө хангахаар заасныг үзэхэд  Орос-Монголын хоёр талын эдийн засгийн харилцааны гол түлхүүр болж байгаа газрын тосны худалдаа байхгүй болох магадлалтай гэж үзэж болохоор байгаа юм.

Энэ нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ? Дотоодын шинжээчдийн үзэж байгаагаар Орос улс нь "эерэг болгох эргүүлэх” хүч бололцоо, худалдаа-эдийн засгийн салбарт сөрөг хандлагуудыг даван туулах зохих хэмжээний чадвартай  байгаа бөгөөд улс төрийн хүсэл эрмэлзэл, зохион байгуулалт-удирдлагын шийдвэрийг зохистойгоор гаргах, талуудын бизнесийн таатай нөхцөлийг бүрдүүлэх явдлаас хамаарах юм. Энэ нь дараах зүйлээс бүрдэнэ.

Өнөөдөр Орос улс Монголд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний 92%-г (Роснефть) нийлүүлж, ОХУ-ын компани (РЖД) УБТЗ-ийн хувьцааны 50%-г эзэмшиж байгаагаас гадна Эрдэнэт, Монголросцветмет хамтарсан үйлдвэрийн 49% нь Оросын мэдэлд байна. Энэ нь хамтдаа урагшлах сайн үндэс суурь юм. Дээр дурдсан ОХУ-д хамаарах бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь хоёр талын эдийн засгийн үзүүлэлтийн ерөнхий дүр зурагт эергээр нөлөөлж, худалдаа-эдийн засаг, үйлдвэрлэл-хоршооны хамтын ажиллагаанд оролцох боломжуудыг нэмэгдүүлнэ. Монгол улсын ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу стратегийн ач холбогдолтой зүүн хойд чиглэлийн шинэ төмөр зам барих шийдвэр гаргах юм бол Оросын төмөр замын компанийг татан оролцуулах талаар илүү анхаарч болох юм.

Бүр цаашилбал Монгол нь хүнсний бүтэгдэхүүнийхээ 30 орчим хувийг гадаадаас худалдаж авдаг  учраас ОХУ нь хүнсний экспортыг нэмэгдүүлэх бололцоотой бөгөөд Монголд оросын хүнсний бүтээгдэхүүн нь эрт дээр үеэс алдартай юм. Үүний үр дүнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу Монгол нь хойд хөрштэйгөө хамтран ажиллах, бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нэмэлт суваг нээгдэнэ. Өөрийн талаас Монгол нь зохистой зохион байгуулбал Оросын хувьд чухал мал, махны экспортлогч болж болох бөгөөд АНУ, ЕХ-ны хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсан энэ үед чухал ач холбогдолтой юм.

Сибирь, Алс Дорнодыг хөгжүүлэх нь манай орны дотоодын чадавхыг дайчлахыг шаардаж байна.

Манай хоёр орон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн боломжтой бөгөөд Монголын ч, Оросын ч нутаг дэвсгэр дээр хоёр орны иргэдийн алжаал тайлах, эмчилгээ хийлгэхэд тохиромжтой байгалийн өвөрмөц, үзэсгэлэнтэй газар олон бий. 2014 оны 11 дүгээр сараас визгүй зорчих дэглэмийг нэвтрүүлэх нь зөвхөн ОХУ, Монгол улсын хоорондын бүх талын харилцаа холбоо, бизнесийн харилцаанд төдийгүй соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах болно.

Москва, Бээжинтэй харилцах харилцааг тэнцвэржүүлэх зорилгоор ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй Монголын бодлого  нэлээдгүй чухал юм. Одоохондоо хуучин хэвээр хадгалагдаж байгаа Зөвлөлт Холбоот улсын хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний харилцан хүндлэл, дэмжлэгийн талаарх Монголын нийгэмд хадгалагдаж үлдсэн сайн дурсамж бол хамгийн үнэтэй билээ.

Өөрийн аюулгүй байдлыг хангах асуудлаар Монгол Улс "олон тулгуурт” гэж нэрлэгддэг бодлого явуулж буй бөгөөд Орос, Хятад ба”гуравдагч хөрш”-тэй харилцаагаа хөгжүүлэхэд "зөөлөн тэнцвэржүүлэх стратеги”-г баримталж байна. "Гурав дахь хөршийн” хувьд Монгол Улстай харилцах харилцаагаа хөгжүүлэх гэсэн АНУ, НАТО-гийн "сэргэсэн” сонирхол нь тохиолдол биш юм. Ийм харилцааны жинхэнэ зорилго нь АНУ-ын дэлхий дахиныг захирах гэсэн хүсэл эрмэлзэлтэй хол зөрөхгүй, тэр дундаа хөрш Орос, Хятад хоёр орны талаар Вашингтоны төлөвлөгөөтэй шууд хамаатай билээ. Хэрэв Хятад, Оросын эсрэг "гуравдагч хөрш” дайсагнасан үйлдэл гаргавал  Улаанбаатар нь хөршийнхөө байр суурийг баримталж, "гуравдагч хөрш”-төйгөө харилцах хандлагаа өөрчлөх болно гэж Монголын шинжээч нарын хэлж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Бидний үзэж байгаагаар, энэ оны есдүгээр сард Душанбе хотод В.В.Путин, Ши Жинпин, Ц.Элбэгдорж нар оролцсон  ШХАБ-ын дээд хэмжээний гурван талт уулзалтын уур амьсгал ямар нэгэн хэмжээгээр үлгэр жишээ болох аж. Ийм хамтарсан үйл ажиллагааны хэлбэрийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай билээ.

Тиймээс ОХУ-тай тулгараад буй нарийн түвэгтэй, олон талт зорилтуудыг цогцоор нь шийдвэрлэхэд Монголтой харилцах харилцаа нь тэргүүн зэргийн ач холбогдолтой юм. Сибирь, Алс Дорнодыг хөгжүүлэх зорилт нь манай орны дотоодын чадавхыг дайчлахаас гадна БНХАУ-ын Зүүн хойд Азийн бүс нутгийг хөгжлөөс хамаараад зогсохгүй Орос улсын бүс нутгийн чухал түнш болох Монголтой нягт хамтран ажиллахыг шаардаж байна. Энэ чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах нь аль аль талын стратегийн ач холбогдолтой зорилт юм.

Улс хоорондын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд бидний бодлоор бол ШХАБ, EAЭЗХ, Торгоны замын эдийн засгийн бүс "Талын зам” гэх мэтчилэн олон улсын эдийн засгийн төслүүдэд Монгол улсын оролцооны шинж чанар, цар хүрээний асуудлыг  авч үзэх хэрэгтэй байна.

Орос-Монголын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын "Гуравдагч хөрш”-ийн тухай ойлголт, түүний агуулга, хэрэгжүүлэх хэтийн төлөв нь ОХУ-ын хувьд судалгаа, практикийн сонирхлыг татаж байгаа юм. Ялангуяа "АНУ-ын бүс нутаг дахь гол үүрэг”-ийг эергээр үнэлэх тал дээр, түүнчлэн НАТО-гийн "Монгол улстай түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр” хэрэгжүүлэх арга хэмжээнүүд дээр онцгой анхаарах хэрэгтэй байна.

Эх сурвалж: «Проблемы национальной стратеги» сэтгүүл