|

"Тройн морь" буюу Ерөнхийлөгчийн төсөл

Төрийн ордонд болж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хэсгийн хэлэлцүүлэгт энэ бичвэрээр хошуу нэмэрлэе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн институтээс боловсруулсан гэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө наадмын өмнөх өдөр Засгийн газраас санал авахаар хүргүүлж, баяр дамнуулан яамдын хуульчдыг сандаргаж, долдугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар орсон ч дэмжигдээгүй нэг төсөл байх. Гэтэл маргааш нь буюу 16-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан бас нэг төсөл өөрийнх нь өмнө Засгийн газар луу явуулсан хувилбар ба УИХ-ын одоогийн хэлэлцэж буй төслөөс ч хамаагүй өргөн хүрээг хамарсан, Үндсэн хуулийн суурь эрх мэдэл хуваарилалтыг өөрчлөхүйц төсөл болжээ.

Зүй нь Ерөнхийлөгчид өөрийн төслөө Засгийн газраас дэмжлэг аваагүй ч УИХ-д өргөн барих эрх мэдэл бий. Засгийн газраас санал авдаг шат нь ямар ч төслийг Засгийн газар судлах, саналаа илэрхийлэх боломж олгоход байдаг. Гэтэл энэ хоёр дах төсөлд Засгийн газарт хэлэлцэх боломж олгоогүй олон санаанууд туссан нь угаасаа тэндээс бодитой санал авах ямар ч зорилгогүй байсан мэт. Өөрөөр хэлбэл төрийн ажлын ингэж молигодож хийж болдог аж.

Процедур ба ёсзүйг түр орхиод Ерөнхийлөгчийн төсөл, техникийн хувьд "санал” нь улс төрийн нүүдэл шинжтэй бөгөөд яагаад "Тройн морь” болох талаар өөрийн байр сууриа дор сийрүүллээ.

Төслийг бүхэлд нь харвал хүнд таалагдах хэд гурван сайхан санаануудаар ѳнгѳлж, олон нийтийг хэдэн тоотой зууралдуулах замаар бодитоор шударга бусын хонгилын түлхүүрээ ѳгѳхгүйн тулд сатааруулах, иргэдийн тѳлѳѳллийн, ардчилсан бүтцүүдээс бодит эрх мэдлийг нь булааж цѳѳнхѳд тѳвлѳрүүлэх санаархал мэдрэгдэнэ.

Тус санаархал нь төслийн 39 буюу ард түмнээс сонгогдож гарч ирсэн УИХ-ын байгуулсан Засгийн газар өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрөө "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан байгууллага”, "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-т хянуулж, нийцүүлж, хэлэлцүүлж байх тухай тусгаснаар харагдана.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэх бодлогын баримт бичгүүд манайд одоо ч байгаа бөгөөд бидэнд ямар ч бодлогыг зохих ёсоор нь үр дүнг нь гартал тогтвортой хэрэгжүүлдэг соёл дутагддаг нь үнэн.

Эдгээр баримт бичгүүд аль ч намын мөрийн хөтөлбөрүүд түүнээс тэгтлээ халиад, эсрэг ажиллаад явахааргүй өргөн хүрээний зүйлс байдаг бөгөөд бодлогын баримт бичгүүдийн сул хэрэгжилт биднийг засгаа тогтвортой, хариуцлагаа бүрэн үүрээд ажиллуулах боломж олгодоггүй, мөн аль ч засгийн дулимаг чадавх, авлига, бодлогын хэрэгжилтийн алдаа мадаг зэргээс илүү хамаардаг бөгөөд үүнийгээ сайжруулах нь зүй.
Гэтэл Ерөнхийлөгчийн саналаар эдгээр асуудлуудад анхаарахын оронд Засгийн газрын хөтөлбөр, бодлогыг ҮАБЗ ба Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан байгууллага гэх этгээдүүд хянаснаар шийдвэрлэчих юм гэнэ. Нөгөө талаар аль нэг хугацааны парламент иргэдээс, иргэний нийгмээс асуулгүйгээр /тэднийг огт дурдаагүй/ баталсан бодлогын баримт бичгүүдийг дараагийн парламентууд, Засгийн газрууд нь хазайлтгүйгээр дагах ёстой. Хэрвээ бодлогыг урьдчилаад баталчихдаг, хариуцдаг, төлөвлөдөг газар нь Засгийн газар биш өөр этгээд, хэрэгжилтийг хянадаг газар нь УИХ биш ҮАБЗ юм бол Засгийн газар байгуулах, сонгууль явуулж УИХ-ыг солих хэрэг байгаа юмуу?

Угтаа сонгууль хийж төр засгаа тодорхой хугацаанд өөрчлөн эмхлэн байгуулж байгаа нь тэр бодлого, хөтөлбөрүүдийг ард түмэн үнэлэх, цаашид үргэлжлүүлэх эсэхэд байр сууриа илэрхийлэх, улс төрийн намууд бодлогын чиглэл, эрэмбийг өөрсдийн үзэл баримтлалд нийцүүлж өөрчлөх, сайжруулах, нийгэмд олон ургалч үзэл, үзэл бодлын өрсөлдөөн өрнөж бодитоор хөгжих, ингэснээр хүний эрхийг хөнгөх боломжийг тэлэх байдаг. Бидний 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчим, бусад ардчилсан улс орнуудад ч энэ зорилгын төлөө Засгийн газар нь хөгжлийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж, парламент нь түүнийг хэлэлцэж хянаж ажиллах чиг үүрэгтэй. Гэтэл тэднийг зүгээр нулимаад иргэдийн хүсэл зориг, эрх ашгийг хэрхэн илэрхийлэх, ямар нөөцөөр ажиллах нь тодорхойгүй, гол нь ардчиллын дефиситтэй этгээдүүд төр барих болох нээ.

Үнэн, манай өнөөгийн УИХ сул, Засгийн газар нь авлигажсан, гэхдээ хүн сул булчингаа дасгалжуулж сайжруулдаг болохоос тайраад хаячихдаггүй. Жишээ нь иймэрхүү хөндлөн зүйлсгүйгээр өнөөгийн хянал-тэнцлийн систем дотор нь пропорциональ сонгуулийн элемент ба намын ил тод байдал бий болоход л Монголд засаглалын чадавх алхам урагшилна. УИХ-ын одоогийн төсөлд байгаа кабинет зарчим, конструктив санал хураалт ч төрийн гацааг гаргах чухал шийдэл. Эдгээрийг олон жил судлаач эрдэмтэд, олон нийт судалж, хэлж ирсэн. Гэтэл ингэж ардчилсан тогтолцооны системдээ харах биш гадуур нь, хөндлөн гүйх зүйлс бодож олсон нь "будаач будаач гэхээр сахлаа” гэдэг шиг л санагдана.

Өөрөөр хэлбэл энэ санал нь өнөөгийн Үндсэн хууль дах Засгийн газрыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь УИХ, Ерөнхийлөгчийн институтууд саад учруулах, сулруулах боломжтой нөхцөл дээр нэмээд бодлогоо өөрөө тодорхойлох боломжийг нь ч явцууруулах юм байна.

ҮАБЗ-д багтдаг гурван албан тушаалтан уг нь одоогийн Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээнд ч УИХ-аар хэлэлцүүлэх, Ерөнхийлөгч санал өгөөд Засгийн газраас бодлого тодорхойлох үйл явцад оролцох, нөлөөлөх бүрэн боломжтой. Заавал гурвуулхнаа хөшигний ард сууж, ардчилсан бус зарчмаар хуйвалдахгүйгээр гэсэн үг. Гэтэл албан ёсоор ийм эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх, ил тод, ардчилсан бусаар бодлого тодорхойлох агуулга бүхий зүйлс гаргаж тавьж байгаа нь Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ил далд санаархлын илэрхийлэл гэж бодоход хүргэж байна.

Үндсэн хуульт ардчилсан улсад Үндсэн хууль бол төрийн үйл ажиллаагааны суурь зарчмууд, түүндээ нийцсэн төрийн эрх мэдлийн хуваарилалт, хянал-тэнцлээ зааж, хүний эрхийг зөрчихгүйгээр улс төрийн бодлогын ардчилсан өрсөлдөөн дундаас зохистой хөгжлийн бодлого тодорхойлоод явах орчинг бий болгох ёстой. Тиймдээ Үндсэн хуулийн цэц хүртэл төрийн бодлогын зөв бурууг биш, Үндсэн хуулийн үнэт зүйлс, хүний эрхийг зөрчсөн эсэх талаас нь хянах учиртай байдаг.
Тэрнээс ямар нэг хатуу тогтсон бодлогыг ардчилсан бус зарчмаар ажилладаг байгууллагуудаар хянуулж хадгалах, ардчилсан бус бөгөөд хөшигний ард ажиллах ёстой институтуудыг ардчиллын дээр гаргаж тавих замаар ил тод дарангуйллыг өөгшүүлэхийг дэмжих боломжгүй.

Цаашлаад тус төсөл улс төрийн нам дор хаяж 50000 гишүүнтэй байх, дотоод сонгуулийг нь төрийн байгууллага СЕХ зохион байгуулах зэрэг санаануудыг дангаар нь харахад нам байгуулах, эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулийг эрхийн хязгаарлалтыг хэтрүүлсэн хэрэг болох бол, урьд дурьдсан УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг булаах, хязгаарлах санаархалтай хамтад нь харвал улс төрийн намаас нь эхлээд бодлогын үйл явцыг хянах, төвлөрүүлэх тогтолцооны нэг шат гэж ойлгогдож байна.

Хаашдаа энэ төсөлд туссанаар бодлого тодорхойлох бүх эрхийг ҮАБЗ нэрээр Ерөнхийлөгч булааж, улс төрийн намыг төрийн байгууллага хянаж, шүүгчид хариуцлага тооцох эсэхийг зөвхөн Ерөнхийлөгч шийдэх юм /энийг тусад нь өөр бичвэрээр хөндөнө/ бол 108 гишүүн, хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоо сайн сайхан үр дүн авчирах ямар ч боломжгүй болно. Ардчилсан төрийн тогтолцоо институт хоорондын уялдаа, зохицолдоо сайн сайхан нь байдаг бөгөөд зөв санаанууд ч буруу хойшоо системийн хэсэг болж үйлчлэх боломжтой.

Нөгөө талаар төсөлд парламентын засаглалыг бэхжүүлэх, кабинетийн зарчим, Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөлүүд, шударга бусын хонгилоо арилгахын тулд шүүхийг ганц улстөрчийн үзэмжээс холдуулах гэх мэтийг огт дурсаагүй нь бодитоор Үндсэн хуулийн түвшинд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэе гэсэн зорилгогүй мэт.

Иймд Ерөнхийлөгчийн төслийн Засгийн газарт хамаарах хэсэг Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан, эрх мэдэл хуваарилалтыг гажуудуулсан, нөгөө талаар өөртөө эрх мэдэл нэмж төвлөрүүлэх зорилготой гэж дүгнэхээр байна.

Эх сурвалж: Хуульч, судлаач Х.Номингэрэл