Нэгэнт эхэлсэн Орос, Хятадын нөлөөллийн бүсээ дахин хувиарлах гэсэн сөргөлдөөн нь Монгол Улсын гадаад, дотоод бодлогод хүчтэй нөлөөлж, Монгол Улсыг ахин шинэ сорилтын өмнө авчраад байна. Байдлыг сайтар ойлгохын тулд Монгол-Хятад, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааг хэдхэн үзүүлэлтээр харъцуулья.
Монголд хөрөнгө оруулсан Хятадын 1000 гаруй ААН байдаг бол Оросын 50 гаруй компани бий, Монгол-Хятадын бараа эргэлт жилийн 10 тэрбум ам.доллар бол Монгол-Оросынх 900 сая орчим ам.доллар, Хятадын их, дээд сургуулиудад 10000 шахам хүүхэд, залуус суралцаж байгаа бол Орост 1200 орчим оюутан суралцдаг, Хятад-Монголын хилийн боомтоор 1 зорчигч нэвтрэхдээ 5 орчим минут зарцуулдаг бол Орос-Монголын боомтод 180-200 минут болдог. Оросын хил, гаалийн хүнд суртал нь орос барааны импортыг хязгаарлаж, орж ирсэн жаахан нь гудамжинд зарагдаж байхад Хятад болон бусад улсын бараа зах, супермаркетүүд, худалдааны төвүүдийн лангуу, павилоныг дүүргэж байна.
Сүүлийн 10 жилд талуудын төр, засгийн өндөр дээд түвшинд үзэглэсэн эдийн засгийн гэрээ, хэлэлцээрүүдийн биелэлтээс харахад Хятад-Монголын гэрээний биелэлт 80 орчим хувьтай байхад Орос-Монголынх 10 хүрэхгүй байна. Оростой байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд, хамтын ажиллагаа Монголын олон нийтийн дургуйцлийг төрүүлж байна. Жишээлбэл, Оросоос авч буй цахилгаан, шатах, тослох материалын өндөр үнэ, хамгийн гол нь байнга уяатай байлгах Оросын талын санаархал, хэт нэг талын ашиг сонирхлыг тэргүүнд тавьсан төмөр замын төслүүд, Сэлэнгийн УЦС-ийн хувь заяа зэргийг дурьдаж болно.
Үүн дээр нэмэгдээд Монгол дахь Оросын хуучин нөлөө сарнин алга болж орон зайг нь бусад орон эзэлж байна. Эрдэнэт үйлдвэр 2 улсын харилцааны томоохон хөшүүрэг байсан бол одоо алга болов, УБТЗ-ын хувьд ч нөлөө нь улам буурсаар байна. Хүн амын дунд орос хэл мэддэг хүмүүсийн тоо цөөрч, оронд нь англи, солонгос, хятад хэл мэддэг залуус зонхилох болов.Монгол судлалын төв Оросоос Хятад руу шилжив. Хятадын давуу байдлыг нуршин өгүүлэх шаардлагагүй биз ээ.
Дээрх байдлаас харахад ОХУ, манай улсын хувьд Хятадтай өрсөлдөх чадваргүй болжээ. Түүх хоржоонтой, өнөөгийн Монгол, Хятад, Оросын харилцаа, гадаад улс төрийн орчин зарим хэлбэрээрээ 1920-д оныхтой ижил байна.
Манай улсын хувьд аль нэг улсын хараат болчихгүйн тулд талуудыг харилцан тэнцвэржүүлэх, Оросын хувьд бүс нутаг дахь Хятадын нөлөөг сөрөн зогсох цэг дээр Монгол, Оросын ашиг сонирхол огтлолцож байна. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед ихээхэн чухалчлан үзэж, "Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд зарим арга хэмжээ авсан нь богино хугацаанд үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд үндсэн зарчмаа баримталж байгаа ч Оросын тал руу хэлбийж, манай улсын хувьд нэгэнт үр дүнд хүрэхгүй нь тодорхой байгаа Оросын талын Монгол Улс руу хандаж буй "ах”-ын сэтгэлгээнд суурилсан бодлогыг дэмжээд байна уу даа гэж харагдана.
Путины Монголд бууж мордоод байгаа айлчлалууд, Халх голын дайны ой, Батлан хамгаалахын хамтын ажиллагааны ахиц зэргийг миний зүгээс Москва монголчуудын "дурсамжийг нь сэргээж”, "орос ах танай тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн, одоо ч санаа зовсоор байна” гэсэн ойлголт олон нийтэд нь өгч, улмаар нөлөөгөө ахин сэргээх гэсэн бодлого гэж харж байна. Гэтэл 2 улсын 20 дугаар зууны харилцаа, түүхийн талаар ямар ч ойлголтгүй, ойлгохыг ч хүсэхгүй, тэр байтугай Оросын талаар хойно байдаг гэдгээс өөр юу ч мэдэхгүй хэт прагматик хандлагатай олон нийт Монголд нэгэнт бий болоод байна.
Манай улс төрчдийн зүгээс Хятадын давуу байдлыг саармагжуулахын тулд Оросын хүчийг ашиглах тэгэхдээ оросуудад бид 20 дугаар зууны морь унасан, мод тохсон монголчууд биш болсон, ялангуяа дүү чинь биш гэдгээ сайтар ойлгуулж, тэдний хандлагыг өөрчилж, Хятадын эсрэг хамтын ашиг сонирхлоо хамгаалах хүнд зорилт тулгарч байна.
Дээр 1920-д оны тухай цухас дурьдсан. Эцэг, өвгөд маань хэдэн арван мянгаараа амь насаа золин байж тусгаар тогтнолоо баталгаажуулж, эдүгээ бидэнд үлдээж өгсөн. Өнөө үеийнхэн бидэнд энэ их өвийг хойч үедээ бүрэн бүтнээр нь дамжуулах ухаан бий юү?
Г.Чойжилсүрэн
Эх сурвалж: sonin.mn