Нөөцийн мах өчигдрөөс эхлэн худалдаанд гарлаа. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нар мах бэлтгэлийн "Баатарууд тэнгэр” ХХК-ийн агуулахад очиж, нөөцийн махыг бэлтгэж буйтай газар дээр нь танилцсан юм.
Засгийн газраас өнгөрсөн онд "Мах хөтөлбөр”-ийг баталж, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан дотоодын зах зээлд тогтвортой үнээр мах нийлүүлэх болон экспортлох сонирхолтой мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хөргөлттэй зоорийн аж ахуй эрхэлдэг компани, аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн.
Энэ ажлын хүрээнд нөөцийн махыг бэлтгэн борлуулах "Баатарууд тэнгэр”, "Дархан мийт фүүдс”, "Эй Эн Ди Эм”, "Мах импэкс”, "ХКҮ”, "Эрдмийт”, "Саян Уул” зэрэг компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн 12.5 хувийн хүүтэй 2018 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд олгох ажил эхлээд байгаа юм.
Нөөцийн мах бэлтгэлтэй танилцах үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа 2013-2015 онд хэрэгжсэн "Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор нийт долоон компанид 198.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, 40.5 мянган тонн махыг нөөцлөн худалдан борлуулсан гэдгийг хэллээ. Мөн "Өмнөх жилүүдэд санхүүжилтийн дийлэнх хувийг Монголбанк гаргадаг байсан бол энэ жил махны нөөцийн бүх санхүүжилтийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, хяналт тавина. Энэ нь махны үнэ тогтворжуулах, нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа илүү зах зээлийн зарчмаар зохицуулагдаж, төсөвт ачаалал үүсэхгүй байх эхлэлийг тавьж байгаа юм” хэмээн онцоллоо.
Нөөцийн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын ирэх долдугаар сар хүртэлх хэрэгцээнд зориулан батлагдсан борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр нийлүүлэх юм.
Ханшийн тухайд өнгөрсөн оны нөөцийн махтай харьцуулахад дунджаар 300 орчим төгрөгөөр хямд байгаа аж. Харин тавдугаар сарын 11-ны өдрийн статистик судалгаагаар зах зээлд борлуулагдаж буй махны ханшаас 21 хувиар хямд байна.
Өмнөх жилүүдэд мах бэлтгэсэн компаниудад бэлтгэсэн махны нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцож төрөөс урамшуулал өгдөг байсан. Үүнийг энэ жилээс олгоогүй. Гэвч "Мах хөтөлбөр”-ийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгосноор нөөцийн мах иргэдэд хямд үнээр хүрэх боломжтой болж байгаа юм.
Махны жижиглэн худалдаалах үнийн харьцуулалт
Махны төрөл |
Нөөцийн махны үнэ, 1кг/төг |
Зах зээлийн үнэ, 1кг/төг |
Харьцуулалт, хувиар |
үхрийн ястай мах |
5750 |
8500 |
32.3 хувиар хямд |
хонины ястай мах |
5400 |
7125 |
24.2 хувиар хямд |
ямааны мах |
4400 |
5300 |
16.9 хувиар хямд |
/Монголын Үндэсний статистикийн газар 2016.05.11-ний өдрийн байдлаар/
Эх сурвалж: www.polit.mn