Засгийн газар хүүхдийн мөнгийг танаж дундаж давхаргыг хойшоо болгоод зөвхөн ядууст өгөх шийдвэр бол хүлээлттэй байсан. Хоёр жилийн өмнө эхлүүлсэн Өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд суурилж 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор төсвийн тодотголд тусгажээ. Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг 2019 оноос нөхөн олгохоор тооцож байна. Гэхдээ төсвийн боломжтой уялдуулан гэсэн тодотголтой хойшилж байна. Үүнд хорин мянгаа хэн тануулж байна. Дундаж давхаргынхан. Банкны хэрэглээний хамгийн том зээлдэгчид болоод байгаа бор зүрхээрээ ажил эрхлэн зүтгэж буй эцэг эхчүүд үлдэж байна.
Төрийн бодлогод халамж зөв байраа олбол ядууст төдийгүй дунд давхаргынханд тус дэмтэй байсныг үгүйсгэж болохгүй. Оюутны 70-мянгыг зогсоолоо. 2016-2017 оны хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагч оюутны 70.200 төгрөгийн тэтгэлгийг зогсоох шийдэлд хүрлээ. Сүүлд өөрчлөгдсөн хувилбараараа сурлагын амжилтаар нь олгоод явбал өнөөх дундаж давхарга болоод үнэхээр сурья гэсэн хүүхдүүдэд байлгаж болох л мөнгө.
Оюутнууд мөн давхар торгуулж автобусны мөнгөө өөрсдөө төлөх болж байна. Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцна. Зөрүүлээд хичээлийн бус цагаар ажил хийж энэ цоорхойгоо нөхөх боломжийг нь төр зэрэгцүүлээд хийж өгөх ёстой. Зүгээр ингээд төрийн унаанаас түлхэж буулгаад явчихаж болохгүй. Бэлэн авдаг 70 мянга байхгүй, унаанд төлдөг хөнгөлөлт мулт, үүн дээр гадаадад цоороод сурья гэтэл тэтгэлэг тэтгэмжтэй сургалт мөн байхгүй. 2016-2019 он хүртэл гадаад сурах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан авахгүй. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ.
Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг байгуулан санхүүжүүлэх, эцэг эхчүүдэд ажил хийх боломжоор хангах хууль батлагдсан ч биелэхгүй болж ирлээ. Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан мөн хойшлуулахаар болжээ. Ахмадуудад олгодог зарим нэг тэтгэмжийг мөн таналаа.
Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг л авах юм байна.
Энэ бүх таналт хэмнэлтийн шуугианы ард татвар нэмэхгүйгээр санхүүгийн хямралаас гарах боломжийн талаар Ерөнхий сайд, түүний танхимд санал бодлоо нэмэрлэцгээ, тусалцгаая гэж жиргээчид улстөрчдийг гөвж байна.
Одоо хасаж буй халамж тэтгэврийг чинь бүгдийг нь үргэлжлүүлээд өгье гэхээр ямар мөнгөөр нь өгөхийн гэж төрийнхөн хариу ам асуух юм. Ер нь хэн нь төр барьмаар байна. Хөгжүүлнэ, мандуулна, баяжуулна "Сонгоод өгөөч” гэж гуйж гувшлаа. Ганц сар төлөхгүй тасалчихад лац ломботой айлган хураадаг Татвар төлөгчдийн мөнгө хаачсан бэ...
П.Баяр