"Алтайн гянт” компани төрийн өмчит "Багануур" компанийн ашиглалтын лицэнзийг эзэмшихээр 2008 хойш үүсээд байсан маргааныг ѳнгѳрѳгч Даваа гарагт Улсын дээд шүүхээр эцэслэн шийдэж "Багануур” ХК лицэнзээ авч үлдлээ. "Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Харин уг асуудлыг шийдэж, стратегийн хувьд чухал ач холбогдолтой уурхайгаа төрийн мэдэлд буцаан авахад Засгийн газрын оролцоо байсангүй. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр уурхайн ажилчид Улсын дээд шүүхийн гадаа хууль бус лицэнз олгосныг эсэргүүцэн жагссан. "Мужик” хурандаа У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч "Багануурын уурхайн орд газрын 13 жилийн өмнөх хууль бус шийдвэр дээр Засгийн газар шүүхэд яллаа” хэмээн "хүний юмаар хүүдэгнэн” ялагчын нэрийг У.Хүрэлсүхэд наахыг oролдоод авав.
Ерөнхий сайд та жинхэнэ ардын баатарын байр сууриндаа байхыг хүсвэл энэ асуудлыг цаашид анхаарч Лу.Болдод хариуцлага тооцох хэрэгтэй бус уу. Шударга бус үйлдлийг сэлэм эргүүлээд л хариуцлага тооцно хэмээн ярьдаг Ерөнхий сайд хууль бусаар лицэнз эзэмшүүлсэн тухайн үеийн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай дурсаачгүй нь харамсалтай.
Төрд хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна
Залгамж халаагүй өнөөдрөөрөө шийдвэр гаргадаг жишиг манай улс төрд хэдийнээ тогтсон гэдгийг монголчууд мэднэ. Тухайн үеийн буруу шийдвэр гаргасан даргын үйлдэл ирээдүйд ямар том асуудал үүсгэдгийг Багануурын уурхайн маргаан харууллаа. Анхнаасаа тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Лу.Болд мэдсээр aтлаа "Алтайн гоулд” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй бол ѳнѳѳдрийн Багануурын ордын маргаан үүсэхгүй байлаа.
Ашигт малтмалын тухайн хуулийн 60.4-т "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” хэмээн заасан байдаг. Гэтэл 2006 онд "Алтайн гоулд” гэх компани хайгуул хийх нэрийдлээр Багануурын ордны 53 хувийг авсан бөгөөд дараагаар нь үүнийгээ "Алтайн гянт” компанид заржээ. Тухайн үеийн АМГТГ-ын дарга Лу.Болд хуулийг үл хайхран лицэнз олгосон нь ойлгомжгүй.
2016 онд УИХ-ын гишүүн Д.Дамба-очир өөрийн эзэмшлийн "Алтан гянт” компаниа зарсан байдаг. Тус компанийн одоогийн удирдлагууд АМГТГ-ын дарга асан Лу.Болдын буруу шийдвэрээс болж хохирсон хэмээн хууль, шүүхийн байгууллагаар явхаар болжээ. "Алтайн гянт” компанийн удирдлагууд төрийн өмчийг өөртөө авах гэсэн санаа нь мэдээж буруу. Үүнийхээ горыг амсах нь ч зөв. Гэхдээ ганцаараа буруутан болж үлдэх ёсгүй. Эс бөгөөс одооны эрх баригчдын бөөрөнд наалдсан нэг нь амь гардаг тогтоцоо бий болно.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануурын асуудал бүрэн шийдэгдлээ гэж баярлах нь зөв үү? Тэнд тоног төхөөрөмж нь хуучирсан, техникийн хангамж тааруу, санхүүгийн хувьд олон тэрбум төгрөгийн алдагдалтай зэрэг шийдэх асуудал хүлээгдсээр. Тэгэхээр "ардын баатар” мэт шоу хийх цагаа хараахан олсонгүй ээ, Эрхэм Ерөнхий сайд аа!
Г.Тэмүүлэн
Эх сурвалж: Өнөөдөр сонин