Хоёр сар гаруй ажилласан Түр хорооны гишүүдээс хоёр нь (Ж.Батзандан, Л.Болд нар) өнгөрөгч баасан гаригт мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэд өнгөрөгч баасан гаригт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 401 дүгээр ангид очиж, С.Зоригийн хэргийн яллагдагч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзжээ. Уулзалт хоёр цаг гаруй үргэлжилж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай тус тусад нь ярилцсан гэв.
Үүнийхээ дараа тэд "Яллагдагчдын биеийн байдал тааруу, хорих ангийн эмнэлэг шаардлагатай эмчилгээ хийхгүй байна. Мөн тэднийг гэм буруугүйг нотлох баримт хангалттай олон байгаа тул хэргийг нь цагаатгуулахын тулд иргэдийн гарын үсгийг цуглуулна” гэлээ. Мөн өмнө нь УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн "эрүү шүүлтийн” бичлэгийг нийтэд үзүүлэхээр шийдвэрлэснээ ч зарлав.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдан гурван шатны шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж, 20-25 жилийн хорих ял аваад байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрөгч гуравдугаар сард мөнөөх дуулиант бичлэгийг дэлгэснийхээ дараа "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорихын эмнэлэгт шилжүүлсэн. Хилс хэргээр яллагдсан энэ хоёр хүнийг өөрийн биеэр хөөцөлдөж суллуулна” гэсэн билээ. Сайдын үгийг Түр хорооны хоёр гишүүн гүйцэлдүүлэхээр ажиллаж байгаа бололтой.
Гэвч нэг зүйлийг сануулахад эрүүгийн хэргийг цагаатгахын тулд иргэдийн гарын үсэг цуглуулдаггүй. Харин гэмт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэх замаар шүүхийн журмаар цагаатгадаг гэдгийг хууль тогтоох үүрэгтэй УИХ-ын гишүүн байтугай захын "нохой” хэлнэ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэргээс цагаатгахын тулд энэ хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг үгүйсгэх хэрэгтэй болно. Түүнийг нь шүүх хэлэлцэж шийдвэрээ гаргана. Түүнээс биш хоёр нөхрийн хийдэг шиг 801 хүний гарын үсэг цуглуулаад нам байгуулж тоглохтой адил зүйл биш гэдгийг энд хэлэх шаардлага байна уу?
Хоёрдугаарт эрүүдэн шүүсэн бичлэг нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хуулийн байгууллагын хууль зөрчиж авсан мэдүүлгийг үгүйсгэнэ үү болохоос биш хэргийг бүхэлд нь үгүйсгэж чадахгүй. Хэрэв шүүх тэдний өгсөн мэдүүлэг дээр үндэслэж шийдвэрээ гаргасан бол харин хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүсч мэдэх юм. Энэ ч гэсэн шүүхийн журмаар шийдвэрлэх ёстой асуудал гэдгийг дээр хэлсэн.
Гэвч энэ хэргийн тухайд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг тэдний өгсөн мэдүүлэг дээр үндэслэж яллаагүй юм аа, тэгж яривал тэд хэргээ хүлээгээ ч үгүй. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан юм шүү гэдгийг уг хэрэгт хяналт тавьсан прокурор удаа дараа хэвлэл мэдээллээр ярьсан. Мөн нууцын зэрэглэлээс гаргаж, шүүхийн архивт өгсөн хэргийн материалтай танилцахыг "хилсээр яллачихлаа” гээд байгаа нөхдөд сануулсан. Гэвч хоёр гишүүний хийсэн мэдэгдлээс харвал түр хорооны гишүүд ядаж тэр зэргийн ажил хийгээгүй бололтой. Зүгээр л яллагдагч нартай хоёр цаг гаруй ярилцсаны эцэст ийм дүгнэлт хийж болох уу?
Хэрвээ Түр хороо хоёр сар гаруй ажиллахдаа ядаж шүүхийн архивт суугаад, хэргийн материалтай танилцчихсан бол (тэртэй тэргүй тэдний шахалтаар нууцын зэрэглэлээс гаргасан байхад) арай өөр үг ярих ёстой байлаа. Хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг судлаад (мэдээж мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор шүү дээ), "эдгээр нотлох баримтыг хууль бус замаар цуглуулсан байна, хэргийн гэрчүүдийг хахуульдсан, хөндлөнгөөс нөлөөлсөн байна”, эсвэл "мөрдөн шалгах явцад ийм ийм алдаа гарсан байна, үүнийг шүүх хянаж үзээгүй байна” гэж ярьсан өөр хэрэг. Тэгвэл "шинээр үүссэн нөхцөл байдал” гэж үзээд хэргийг дахин хэлэлцэх нөхөл байдал үүсч болох юм. Гэтэл огтоос тийм зүйлгүйгээр, зүгээр л "энэ хоёр хүнийг цагтаатгая” гэж ярих нь хууль ёсонд хэр нийцтэй вэ?
Харин яллагдагчдийн биеийн байдал муу, эрүүл мэндийн хувьд дордсон байгаа бол тэр нь хэрэгтэй ямар ч холбоогүй асуудал. Эсрэгээрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ажлаа хэрхэн хийж байгаад л үнэлэлт өгч байгаа хэрэг гэдгийг хэн хүнгүй гадарлана аа, бас чиг. Хууль зүйн сайдын харьяа хорих анги, хорих эмнэлэг хүний эрх зөрчиж, хоригдолд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, эсвэл шаардлагатай хэмжээнд үзүүлээгүй бол ШШГ байгууллага, салбарын сайдтай нь ярьдаг болохоос хэргийг шийдсэн шүүгчтэй холбоогүй гэдгийг хэдэн удаа хэлэх ёстой вэ?
Манай улстөрчид нэг хэсэг "ховдгийн гай” гэж хүнд хэцүү өвчинд баригдаад байсан дээр одоо "мартагдахын зовлон” гэж бас нэг хам шинж нүүрлээд байна. Тэд маань олон нийтийн анхаарлын төвөөс гарахгүйн тулд юу хамаагүй ярьж, юу ч хамаагүй хийдэг тийм цаг үе ирж. Л.Болд, Ж.Батзандан нар ямар мэдэхгүйдээ, уйдсандаа л ийм үг ярив гэж дээ.
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn